Беларусь улстай байгуулсан гурван гэрээг соёрхон батлахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-30 16:58:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол, Беларусь Улс хооронд байгуулсан гурван гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж. дэмжлээ.

Тодруулбал, Монгол Улс Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг Беларусь улстай байгуулаад буй юм.

Тус улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах ажил 2014 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сарын 4-нд Минск хотноо байгуулжээ. Гэмт хэрэгт гадаадын этгээд оролцсон эсхүл хэрэг шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг гадаадад гүйцэтгэхэд энэ төрлийн гэрээ томоохон түлхэц үзүүлдэг байна. Монгол Улс одоогоор 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Харин гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг 15 улстай байгуулсан бөгөөд Беларусь Улс 15 дахь орон болж байгаа аж. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хамтран ажиллах, гэмт этгээдийг шилжүүлэх ажиллагааг хөнгөвчилдөг байна.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулснаар улс орнуудын хуулийн байгууллагууд харилцан туслалцаа үзүүлж, иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг, маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжтой болдог гэдгийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд гишүүдийн олонх хуулийн төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ