Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-30 19:23:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын хэмжээнд “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот” болох аян зарлалаа.

Мөрөн хот үүсч хөгжсөний 210 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтан Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хог хаягдлын менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд зорилгоор дээрх аяныг зарлаж байгаа ажээ.


Аян 6 сар үргэлжлэх бөгөөд шилдэг тохижилттой төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, шилдэг өрхүүдийг шалгаруулж, 210 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрт үйл ажиллагааны үеэр шагналыг гардуулах ажээ.Хөвсгөл аймгийн  Мөрөн сум нь 1933 оны 01 сарын 13-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 2 дугаар тогтоолоор аймгийн төв болсон. Уг газарт одоогоос 200 гаруй жилийн өмнө Мөрөнгийн хүрээ үүсч газар зүйн байрлалын хувьд хамгийн тохиромжтой төв газарт тооцогдож 1956 оны 08 сарын 01-ний өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 104 дүгээр зарлигаар Мөрөн хороо захиргааг 7 хороо, 636 өрхтэй, 3166 хүнтэй, 10723 малтай хүн, мал эмнэлгийн салбартай байгуулагдаж байсан бол эдүгээ 40 мянган хүн амтай болон хөгжжээ.

                                               



Холбоотой мэдээ