“Мишээл экспо”-д үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн зонхилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл экспо”-д үндэсний үйлдвэрлэгчид цугларчээ. Ийм боломжийг нэг талаар Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сар олгодог болсон. Эндэхийн цагаан идээ болон бэлэг
дурсгалын зарим бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг мэдээлж байна.
“Мишээл экспо” төвийн
үзэсгэлэнгийн танхимууд хөл гишгэх зайгүй шахам болж, нийслэл
хот болон аймаг, орон нутгаас ирсэн малчид, худалдаачдын дэлгэн тавьсан бараа,
бүтээгдэхүүнээр дүүрчээ. Ууцны үнэ 200.000-360.000 төгрөгийн үнэтэй байна. Худалдан авагчид олширсон нь Сар шинэ дөхсөнийх гэцгээж байв. Цагаан идээний худалдаагаар орж үнэ ханш сонирхвол, энэ жил юмны үнэ өндөр байна гэж зарим худалдан авагчид
хэлж байлаа. Энд:
- Тогооны өрөм том нь
12.000-15.000 төгрөг
- Шар тос кг нь 15.000
төгрөг
- Олгойтой шар тос кг нь
14.000 төгрөгөөс дээш,
- Гүзээтэй хольсон тос
14.000-20.000 төгрөг
- Ээзгий кг нь 7000-8000
төгрөг
- Аарц кг нь 3500-4500
төгрөг
- Ааруул кг нь 15.000-25.000 төгрөг.
Орон нутгийнхан цагаан
идээг сайтар боловсруулж, янз бүрийн хэлбэр дүрс оруулж үйлдвэрлэдэг болсон нь
харагдана. Ааруулыг гэхэд, уламжлалт аргаар дэлгэж хатааснаас гадна, төрөл бүрийн
хэвэнд оруулсан, чихэр, жимсний амттай, тэр ч байтугай өнгө оруулсан нь ч байна. Үнийн хувьд, аарцны болон сүүний ааруул гэж ангилан харилцан адилгүй үнээр худалдаж байна. Сүүний ааруул нь тослог ихтэй, зөөлөн, өнгө
үзэмж сайтай, кг нь 25.000 төгрөгөөс доошгүй байгаа бол аарцных ааруул кг нь 12.000-18.000
төгрөг байна.
Сүүлийн үед иргэд дан
цагаан идээгээр баярын ширээний тавгаа засдаг болсон. 5-7 үеэр өрсөн ааруулын
идээ 220.000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Хэвийн боовны үнэ ханшийг сонирхвол, “Суман гүн” компанийн хэвийн боов ширхэг нь 2600 төгрөг, тавгийн боовыг дунд зэргийн
еэвэн үнэгүй дагуулан худалдаж байна. Тавгийн голд хийдэг боорцог кг нь 4000
төгрөгөөс дээш үнэтэй байв. Дан еэвэн том, жижгээсээ хамаарч 7.500-25.000
төгрөгийн ханштай байна.
“Мишээл экспо” төвд
гарсан сар шинийн баярын худалдаанд БНХАУ-ын Бээжин, Эрээн хотоос импортлосон
бараа, бүтээгдэхүүн бараг харагдсангүй. Ихэвчлэн Монголын дотоодын,
үндэсний үйлдвэрлэгч ААН, компаниудын үйлдвэрлэсэн, хувийн урчуудын бүтээгдэхүүн зонхилж байна. Нэхмэл, оёмол үйлдвэрлэлийн салбарт хэдийнэ танил болсон “Янмал”,
“Тод оймс” үйлдвэрийн бүтээгдэхүүн эрэлт ихтэй, нэг оймсыг 1800-2000 төгрөг, хоёр оймс авбал 3000 төгрөгөөр борлуулж байна.
Цагаан сарын баярын
гоёлын нэг хөөрөг, даалингийн хувьд дөрвөн өнцөг, аман дээр нь утас ороож
шагласан, өнгө өнгийн хээтэй энгийн даалин 25.000-30.000 төгрөгийн үнэтэй, битүү
шаглаастай торгон эмжээртэй гоёмсог даалин 250.000 хүртэл төгрөгийн ханштай
байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ноос авчирсан бага гарын шилэн хөөрөг 25.000 төгрөг,
хиймэл цагаан, дунд гарын хаш хөөрөг 90.000 төгрөгийн үнэтэй байна. Хэлбэр хийц
энгийн боловч монгол газрын, дунд гарын хаш, мана, халтар манан хөөрөг
90.000-150.000 төгрөгийн үнэтэй байна.
Дээлний хувьд
эмэгтэйчүүдийн дан дээлний сонголт их, өнгө, хэлбэр хийц янз бүр,
180.000-260.000 төгрөгийн үнэтэй байна. Эрэгтэй хүний дээлнүүдийн тухайд
сонголт төдий их биш, 200.000 төгрөгөөр үнэлсэн байна. Харин 2.5 сая төгрөгийн
үнэтэй булган хантааз илүү өнгөлөг харагдаж байв. Лоовууз хэлбэртэй битүү
булган малгайг 300.000-400.000 төгрөгөөр үнэлжээ. Бэлгэнд өгөх
бараа, бүтээгдэхүүний хувьд монгол үйлдвэрийн цагаан мөнгө, зэсээр бүрсэн
домбо, дөрвөн хүчтэн, эвтэй 4 амьтныг дүрслэн сийлсэн бэлгэдлийн авдар, цэвэр
ширэн тэлээ, зуны төрөл бүрийн цамц футболк цагаан сарын худалдаан дээр их
харагдаж байв.
Б.Болд