Давос-49: Даяаршил ба үйлдвэржилтийн IV хувьсгал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-01-25 17:25:18

Жил бүрийн эхээр болдог дэлхийн хэмжээний хамгийн том үйл явдал бол Давосын Эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗФ/ билээ. Уг арга хэмжээний зорилго нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд улс төр, эдийн засгийн салбарт шийдвэр гаргагч нөлөө бүхий хүмүүсийг Давост урьж ирүүлэн, учирч буй саад бэрхшээл, эрсдэлүүдийг хэлэлцэх явдал юм. Тодруулж хэлбэл, ДЭЗФ нь дэлхийн бизнесийн салбарын нөхцөл байдлыг илэрхийлэх нэг ёсны барометр болж, санхүүгийн салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлж байдаг.


Мягмар гарагт эхэлсэн 49 удаагийн чуулга уулзалт “Даяаршил 4.0: Аж үйлдвэржилтийн IV хувьсгалын эрин үед дэлхий дахиныг хамарсан бүтцийг бий болгох нь” гэсэн уриан дор болж байна. Даяаршлын 4 дэх эрин үе ба хүн төрөлхтний түүхэн дэх аж үйлдвэрийн IV хувьсгал нь хоорондоо нягт холбоотой билээ. Урианы утга санааг товчхон тайлбарлахад, аж үйлдвэрийн анхдугаар хувьсгалын /1784 он/ явцад уурын хүчийг ашиглан үйлдвэрлэлийг механикжуулж чадсан бол II хувьсгалын үед /1870 он/ цахилгаан эрчим хүч гарган авснаар бүтээгдэхүүнийг бөөнөөр нь үйлдвэрлэдэг болжээ. III хувьсгалын үе шатанд /1969 он/ цахим мэдээллийн технологи гарч ирснээр үйлдвэрлэлийг автоматжуулав. Харин аж үйлдвэржилтийн IV хувьсгал хэдийнэ эхэлсэн гэдгийг 2016 онд болсон 46 дугаар чуулга уулзалтын үеэр анх удаа хөндөн хэлэлцэж байсан билээ. Энэ хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь үүлэн технологи, Big Data /Их өгөгдөл/хэмээх мэдээлэл цуглуулж боловсруулах систем, краудсорсинг болон биотехнологи байх ажээ. Түүнчлэн интернэтэд холбогдсон “ухаалаг” хувцас, жолоочгүй автомашин, 3D хэвлэлд суурилсан анагаах ухаан болон хиймэл оюун ухаан, робот юм.


Харин даяаршлын тухайд, Европын Холбооноос Их Британи улс гарах гэж байгаа, АНУ өөрийгөө дэлхийгээс тусгаарлаж байгаа, Орос улс олон улсын хоригт орж, тусгаарлагдсан энэ онцгой цаг үед уг асуудлыг хэлэлцлээ. Улс төрийн түгшүүртэй байдал, худалдааны дайн, протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого зэрэг нь даяаршил ба аж үйлдвэржилтийн 4 дэх хувьсгалын үйл явцыг саатуулах хүчин зүйл болж байгааг Давос-2019 чуулганд оролцогчид дурдаж байв. Хүн төрөлхтөн даяаршлаас ухарч байна уу? эсвэл энэ  замаар урагшилж байна уу? эсвэл дөрвөн замын уулзварт ирчихээд хаашаа явахаа шийдэж чадахгүй байна уу? гэсэн асуултуудад Давос-49-т оролцогчид хариу өгөхийг оролдлоо. Энэ удаагийн чуулга уулзалтын урианд “Даяаршил 4.0” гэсэн байгаа нь даяаршлын үйл явц зогсоогүй, харин улам гүнзгийрч шинэ шатанд гарч буйг харууллаа.


Баасан гарагт дууссан тус чуулга уулзалтад дэлхийн 110 орны төрийн байгууллагуудын төлөөлөгчид, нийгмийн зүтгэлтнүүд болон томоохон банк, компаниудыг төлөөлсөн 3 мянга гаруй хүн оролцож, үйл ажиллагааг нь 500 гаруй сэтгүүлч сурвалжиллаа. Форумын хүрээнд 350 гаруй салбар хуралдаан явагдаж, тоон эдийн засаг, технологийн хөгжлийн эрин үе дэх олон улсын хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдал, криптовалют, санхүүгийн эрсдэлүүд, эрчим хүчний салбарын хөгжлийн хэтийн төлөв, нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. Квантын тооцоолол, уур амьсгалын өөрчлөлт, санхүүгийн популизм, хиймэл оюун ухаан зэрэг нь хүн төрөлхтөний ирээдүйд эрсдэл үүсгэж болзошгүй гэсэн дүгнэлтийг форумд оролцогчид хийлээ.


Оролцогчдын байр суурь


Чуулга уулзалтын эхний өдөр хэлэлцсэн гол асуудал нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх арга замын тухай байлаа.

Их Британийн ханхүү Уильям экологийн асуудлуудыг шийдвэрлэх талаар дэлхийн улс орнуудын удирдагчдын хийж буй алхмуудыг “тууштай биш” гэж шүүмжилсэн бол байгаль орчны сэдвээр олон кино, телевизийн нэвтрүүлэг хийсэн нэрт хөтлөгч Дэвид Аттенборо хэлэхдээ “байгальд ямар их хохирол учруулж байгаагаа хүн төрөлхтөн өдийг хүртэл ухаарахгүй байна” гэлээ.

Чуулга уулзалтад нийт 60 гаруй улс орон, олон улсын байгууллагуудын удирдагчид, тэдний дотор Япон, Нидерланд, Итали, Испани, Арменийн Ерөнхий сайд нар, Германы Канцлер, Швейцарь болон Бразилын Ерөнхийлөгч нар байлаа. Харин өмнөх форумд оролцож, үг хэлж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ удаад ирээгүй нь тус улсын Конгресс улсын төсвийг батлахгүй байгаагийн улмаас засгийн газрын санхүүжилт зогссонтой холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн “шар хантаазтанууд”-ын эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилсээр байгаа учраас Францын Ерөнхийлөгч Э.Макрон Давост ирсэнгүй. Түүнчлэн Их Британийн парламентын Төлөөлөгчдийн танхим Европын Холбооноос гарах тухай гэрээг батлаагүй учраас Ерөнхий сайд Тереза Мэй ирээгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Харин Орос, Хятад, Энэтхэгийн удирдагчдын хувьд тэд Давост ирнэ гэж анхнаасаа төлөвлөөгүй байсан юм.


Дэлхийн тэргүүлэгч орнуудын удирдагчид ирээгүй энэ үед Бразилын Ерөнхийлөгчөөр хэдхэн хоногийн өмнө сонгогдсон Жаир Болсонару Давост “од” болж байгаа тухай хэвлэлүүдэд бичиж байна. Тэрбээр улс орондоо шинэчлэл хийх төлөвлөгөөгөө танилцуулахдаа, түүнийг төрийн тэргүүн байх хугацаанд Бразил улс бизнес эрхлэх нөхцлийн үзүүлэлтээр дэлхийд эхний 50-д орно гэдгийг мэдэгдлээ. Мөн авлига, мөнгө угаах явдалтай тууштай тэмцсэнээр Бразилын талаарх дэлхий нийтийн хандлагыг эрс өөрчилж, “шинэ Бразил”-ыг бий болгоно гэдгээ амласан байна.


Форумын хоёрдахь өдөр үг хэлсэн Германы Канцлер Ангела Меркель “улс орнууд өөрсдийн үндэсний эрх ашгийн хязгаарлагдмал хүрээнээс гарч, бүгдийн хүсэл зорилгод нийцсэн шийдвэр гаргаж байхыг хичээх хэрэгтэй” гэж уриалаад “популизмын эсрэг мультилатеризм буюу олон талт харилцааг сөргүүлэн тавьж тэмцэх нь чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр мөн НҮБ болон дэлхий дахиныг хамарсан томоохон бүтцүүдийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх нь зүйтэй гэдгийг онцолсон байна.


Дашрамд дурдахад, Давост хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй ирсэн төлөөлөгчид бол италичууд бөгөөд Сангийн сайд Жованни Триа үг хэлэхдээ “Италийн эдийн засгийн байдал сайжирч, төсвийн алдагдлын асуудлаар Европын Комисстой зөвшилцөж чадсан” гэж мэдэгдлээ.


“Давос-49”-ийн үеэр болсон “Дэлхийн санхүүгийн салбарын эрсдэлийг дахин үнэлэх нь” сэдэвт салбар хуралдаанд оролцогчид “санхүүгийн ээлжит хямрал дэгдвэл үүнд дэлхий дахин бэлэн үү, хямралыг хэрхэн зогсоох вэ” гэсэн асуудлыг хэлэлцсэн байна. Компаниудын өр болон улсын өрийн хэмжээ дэлхийн ДНБ-ий 225 хувьтай тэнцэж байгаа бөгөөд дэлхий даяар 247 их наяд долларын өр хуримтлагдсанаас 63 их наяд нь засгийн газруудад ногдох өр ажээ. Энэ нь дэлхийг хамарсан санхүүгийн хямралын өмнө хуримтлагдаад байсан өрөөс ч давж байгаа юм. Үүний сацуу дэлхийн эдийн засаг хоёр жилийн хугацаанд эрчимтэй өссөний дараа өсөлт удааширснаар эрсдэл нэмэгдэж байгааг Олон улсын валютын захирал Кристин Лагард анхаарууллаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт танилцуулсан таамаглалдаа “дэлхийн эдийн засаг 2019 онд 3,5 хувиар, 2020 онд 3,6 хувиар өснө” гэдгийг дурдсан билээ. “Энэ нь дэлхий даяараа удахгүй хямралд нэрвэгдэнэ гэсэн үг биш ээ, харин дэлхийн эдийн засгийн өсөлт огцом буурах эрсдэл нэмэгдсэнийг харуулж байна” гэж К.Лагард тайлбарлалаа. 


БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах комиссын дэд дарга Фан Шинхай хэлэхдээ “энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 6 хувь болж буурах боловч энэ бол уналт сүйрэл биш, үймж сандрах хэрэггүй” гэдгийг онцолсон байна.   “Хятад улсад сүүлийн 40 жилийн хугацаанд санхүүгийн хямрал болоогүй ээ. Учир нь, төв засгийн газар санхүүгийн салбартай байнга холбоотой ажилладаг бөгөөд эрсдэл хуримтлагдсан үед засгийн газраас тодорхой арга хэмжээ авснаар тухайн эрсдэл нь нийт тогтолцоог хамрахаас урьдчилан сэргийлж чадддаг. Энэ нь дэлхийн бусад улсад жишээ болж чадна” гэж Хятадын төлөөлөгч ярилаа.


“Давос-49”-ийн  эргэн тойронд


-2018 оны чуулга уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангахад 9 сая швейцарь франк буюу 9,4 сая доллар зарцуулсан бол энэ онд Д.Трамп, Э.Макрон, Т.Мэй, В.Путин, Ши Жинпинь, Н.Моди нар ирээгүй учраас зардлын хэмжээ буурсан болов уу.

-Өнгөрсөн оны чуулга уулзалтад оролцогчдын 21 хувь эмэгтэйчүүд байсан бол энэ онд 22 хувьтай байна гэж СNN-ий мэдээнд дурджээ.

-Кени улс дахь “Какума” дүрвэгсдийн хуаранд амьдралынхаа 20 жилийг өнгөрүүлсэн Мухамед гэдэг хүнийг “Давос-49”-ийг зохион байгуулагчид Швейцарьт урьж авчран чуулга уулзалтад оролцуулсан бол чуулга уулзалтыг хамтран даргалагчдын нэг болох 28 настай Мохаммед Хасан Мохамуд хэлэхдээ “Та бүхэн  Африкийн дүрвэгсдээс бүү болгоомжил, харин тэдэнд туслаарай” гэж уриалсан байна.


"Давос-2019"-ийг хамтран даргалагчид 


-Оросын “gazeta.ru” цахим хуудсанд бичсэнийг үзвэл, Давосын Morosani Posthotel зочид буудлын хоолны газарт соустай шарсан төмс 8 франк, 8 ширхэг булочки буюу хөвсгөр боовтой өглөөний цай 36 еврогийн үнэтэй байгаа гэнэ. Мөн зочид буудлын нэг ортой өрөөнд 4 хоноход 8000 еврогийн үнэтэй байгаа тухай бичжээ.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ