Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2019-01-22 10:02:28

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут өчигдрөөс эхлэн багуудаар явж иргэдтэй уулзалт хийж эхэллээ. Энэ удаагийн уулзалтаа Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Рашаант, Уртын гол, Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй уулзалт хийлээ.

Иргэдийн зүгээс гарч буй санал хүсэлтэд ихэвчлэн агаарын бохирдлыг бууруулах, хяналтын камерийн тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг шуурхай хүртээмжтэй болгох, СӨХ-үүдийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудыг хөндөж байв.

Уулзалт өнөөдөр 14 цагаас 17-р сургуулийн зааланд Шанд, Даваат багийн иргэдтэй, 18 цагаас 15 дугаар сургуулийн урлагийн зааланд Их залуу, Яргуйт багийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ. 

Засаг даргын уулзалтад Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон төрийн үйлчилгээг хүргэж буй агентлаг, байгуулагын дарга нар оролцож байгаа нь иргэд уулзалтын үеэр хүссэн асуултандаа шууд хариулт авах, зарим нэг асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой юм. 

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэйгээ ойр байж, тэдний санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг эрхэмлэдэг. Энэ ч үүднээс 2017 оны 3 дугаар сард бүх багуудаар явж иргэдтэй уулзалт зохион байгуулж байсан бол 2018 оны 1 дүгээр сард мөн иргэдтэйгээ уулзалт зохион байгуулсан. Энэхүү уулзалтын үеэр иргэдээс гарсан санал хүсэлтийг ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтэс дээр нэгтгэж, багцлан 70 гаруй зүйлтэй хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд хэрэгжилт нь 80 гаруй хувьтай байна. 

Холбоотой мэдээ