Хоёр аймгийн зургаан сумын тэмээчид баяраа хамтдаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-21 17:42:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Нэгдүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд  “Тэмээний соёл, өвлийн баяр-Хулд 2019” үйл ажиллагаа болж, Хулд, Өлзийт, Дэлгэрхангай, Луус, Говь-Угтаал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын тэмээчид оролцжээ.  

“Тэмээний соёл, өвлийн баяр” үйл ажиллагааг аймгийн ЗДТГ,  Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, сумын ЗДТГ хамтран зохион байгуулж, энэ үеэр тэмээчдийн зан үйлтэй холбоотой тэмцээн болон тэмээний уралдаан болжээ.

Бүдүүн тэмээний уралдаанд 32 тэмээ, торомны уралдаанд 22 тором уралдаж, Дэлгэрхангай сумын тэмээчин Өнөрболдын хүрэн тэмээ, Хулд сумын тэмээчин Д.Цогтбаатарын хүрэн тором тус тус түрүүлж, Хулд сумын Ц.Цэрэнсономын буур, Ө.Дамирансүрэнгийн тором шилдгээр шалгарсан аж.

Тэмээчдийн баярын үйл ажиллагаанд  аймгийн  ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга, доктор, профессор Д.Чандмань нар болон албаны бусад хүмүүс оролцож, үе үеийн тэмээчдэд ХХААХҮЯ-ны болон  аймгийн Засаг даргын  шагналуудыг гардуулжээ.

Хулд сум аймагтаа тэмээний тоогоор Өлзийт сумын дараа ордог юм.

Холбоотой мэдээ