Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан малчиндаа гэр хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-19 10:10:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хандивын аян өрнүүлж, тус ангийн малчнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа В.Цэгмидэд 2.5 сая төгрөгийн үнэ бүхий хоёр давхар бүрээстэй, таван ханатай гэр хүлээлгэн өглөө.

В.Цэгмид нь Арвайхээр сумын 9 дүгээр багт оршин суудаг бөгөөд 2018 оны 12 дугаар сард хоёр хүүгийнхээ гэрийг цахилгааны улмаас галд алдаж, эд хөрөнгийн болон бие сэтгэлийн хохирол амссан юм. Зэвсэгт хүчний 256 ангийн хамт олон өргөө цагаан гэрийг гардуулахдаа нэн тэргүүнд хэрэг болохуйц ор, сандал зэрэг эд хогшлыг хамт бэлэглэснээс гадна тус ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 400 мянган төгрөгийн өртөг бүхий өргөн хэрэглээний хүнс, барааг гардууллаа.

Гал түймрээс өмссөн хувцастайгаа л үлдсэн В.Цэгмид болон түүний гэр бүл, үр хүүхдүүд сайхан сэтгэлт хамт олныхоо хүчинд өргөө цагаан гэртэй болсондоо баяртай байгаагаа хэлж байв.
Холбоотой мэдээ