Инновацийн тэргүүлэх чиглэлийг жил бүр тодорхойлох санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-18 13:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд инновацийн тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд шинэчлэн тусгасан байна. Түүнчлэн гарааны буюу зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компаниуд олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур арилжаалах боломжийг бүрдүүлэх зэргээр хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг хөгжүүлэх талаар заалт оруулсан гэдгийг хууль санаачлагч БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илтгэлдээ дурьдлаа.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Б.Батттөмөр гишүүн Засгийн газар жил бүр инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог болох хэрэгтэй хэмээсэн юм. Мөн ШУА болон эрдэмтэн судлаачид инноваци шингээсэн олон бүтээлийн санаа гаргаж байгаа хэдий ч түүнийг дэмжих эрх зүйн орчин дутмаг байгааг хэлээд хуулийн төслийг нэн даруй батлах хэрэгтэй хэмээсэн юм.

Уг хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ