"Нэг суурин-Нэг бахархал" үзэсгэлэн гурав хоног үргэлжилнэ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-01-18 16:26:59
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Нэг суурин-Нэг бахархал" цагаан сарын үзэсгэлэн худалдаа Баянхонгор хотноо нээлтээ хийлээ.
“Монгол брэнд” бүтээгдэхүүнийг таниулах зорилготойгоор ХХААХҮЯ-н зарласан “Нэг суурин – Нэг бахархал” аяныг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд өрнүүлж байгаа аж. Аяны хүрээнд Баянхонгор аймагт тус үзэсгэлэнг "Брэндээ бүтээ, хамгаал, арчил, үнэ цэнийг өсгө" уриан дор зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдааг аймгийн ХХААГ-ын дарга Ж.Баттөр нээж хэлсэн үгэндээ, "Орон нутгийн нөөц баялаг, түүхий эдийг зүй зохистой ашигласан соёл, уламжлалыг хадгалсан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд эрсдэлгүй үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх зорилготой. Мөн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэн, импорт орлохуйц экспортын барааны нэр төрлийг олшруулахыг зорьж байна" хэмээн онцлов.
Үзэсгэлэн худалдаанд 17 сумын 200 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршоод цагаан идээ, мах, ууц, тавгийн идээ, ингэний ундаа, даршилсан ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн, дээл хувцас, гутал, бэлэг сэлт, гар урлалын зэрэг өргөтгөсөн олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Мөн энэ жилийн үзэсгэлэнг хөрш зэргэлдээ Завхан аймгийн ЖДҮ эрхлэгчид зорин ирсэн нь онцлог байлаа. Тэд Завханы дарс, чихэр, жимсний өтгөрүүлсэн шүүс зэрэг брэндүүдээ Хонгор нутгийнханд худалдаалахаар иржээ.
Мөн цоохор сархинагаар хийсэн богц, тарваганы арьсаар хийсэн нурууны бүс, шар сүүгээр хийсэн иштэй чихэр, ирис зэрэг сонин содон бүтээгдэхүүнийг ч тус үзэсгэлэнгээс авч болохоор байна.
“Нэг суурин–Нэг бахархал” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Ажилсаг төвд гурван өдөр үргэлжилнэ.