Дундговь аймгийн Цагдаагийн газар иргэддээ тайлангаа тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-17 22:15:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Цагдаагийн газрын хамт олон энэ сарын 17-ны  өдөр Иргэний зөвлөл болон иргэддээ 2018 оныхоо үйл ажиллагаагаа тайлагналаа. Тус арга хэмжээнд 150 орчим иргэд оролцон мэдээлэл авчээ.

Цагдаагийн газар өнгөрсөн онд иргэд, байгууллага аж ахуйн нэгжээс 1676 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 655 нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл байжээ. 2017 онтой харьцуулахад нийт гомдол мэдээлэл 257 буюу 18,1 хувиар, харин гэмт хэргийн гомдол мэдээлэл 223 буюу 51.6 хувиар өсчээ.

Цагдаагийнхан иргэддээ тавих тайлангаа дүрс бичлэгийн хэлбэрээр бэлтгэж, танилцуулсан бөгөөд 1865 оноос хойш үе үеийн цагдаа нарын хэрэглэж байсан дүрэмт хувцсыг өмсөж, сонирхолтой танилцуулга хийсэн нь онцлог байлаа.

Дундговь аймгийн харъяат Монгол Улсын генерал Ж.Содном, Цагдаагийн өндөр настан Ш.Адъяа, өндөр настан, Бэлтгэл  хурандаа н.Дашням нарын өмсөж, хэрэглэж байсан дүрэмт хувцаснууд тус албаны музейд хадгалагдаж байдаг ажээ.

Дээрх үйл ажиллагааны үеэр 2018 онд хамгийн үр дүнтэйгээр хамтран, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаанд санаачилгатай ажилласан “Говийн ирээдүй” цогцолбор сургууль болон иргэн Б.Батцэцэг нарыг Хамтран ажиллагч байгууллага, иргэнээр шалгаруулан шагнал гардууллаа. 

Мөн Монголбанк, Мандалговь нисэх буудал, Авто тээврийн төв, Мал эмнэлгийн газартай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм.

Аймгийн Цагдаагийн газар нь 55 офицер, 45 ахлагч, 55 энгийн ажилтантайгаар ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө хөдөлмөрлөж байна.

Холбоотой мэдээ