“Аюулгүй, гамшигт тэсвэртэй Өвөрхангай” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-16 10:23:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас 2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөөдөр хийлээ. Тус албаныхан 2019 онд гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсөн нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ажил бус нийт иргэдийн оролцоог түшиглэн хамтын ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжсэнээр үр дүнд хүрнэ” хэмээн байгууллагын дарга Д.Эрдэнэбат хэллээ.

Онцгой байдлын Ерөнхий газраас өрнүүлж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгын хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт орон нутгийн түвшинд нэмэгдэж, гамшигтай тэмцэх чадавхи иргэдийн дунд сайжрах юм.

Тус байгууллагын 2018 онд 90 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, нийт 62 иргэний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын  310 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Холбоотой мэдээ