Э.Амаржаргал: Бүжиг бол бүх насныхны дурлах спорт, урлаг юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-18 14:24:11

Завхан/МОНЦАМЭ/.Завханы “AMKA dance” бүжгийн сургалтын төвөөс бүжгийн спортоор хичээллэх давалгааг фэйсбүүкийн аймгийнхаа нэгдсэн группт өрнүүлээд байгаа билээ. Энэхүү давалгаа багагүй хандалтыг аваад байгаа бөгөөд иргэд бүжиглэж буй бичлэгээ сошиалд тавьж бусадтай хуваалцаж эхэлжээ.

Хүн бүр бүжиглэх дуртай байдаг. Гэхдээ аргаа олдоггүй. Бас бүжгийн спортоор хичээллэх цаг зав байдаггүй гэдэг. Тиймээс Завхан аймагтаа бүжгийн спортыг сурталчлах, насанд хүрэгчид болон энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг тууштай сургах зорилготой “AMKA dance” бүжгийн сургалтын төвийн багш, бүжиг дэглээч Э.Амаржаргалтай уулзаж ярилцлаа. Тус сургалтын төв нь Завхан аймагтаа тогтвортой үйл ажиллагаа явуулж өдгөө 120 гаруй байнгын суралцагчтай болжээ.

-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе? Сургалтын төвөө хэдэн онд байгуулсан бэ? Ер нь бүжгийн сургалтын төвийг байгуулах санаа хэрхэн төрөв? Зүгээр л бүжгийн багшаа хийгээд бүжигчнээрээ ажиллаад явах нь дээр биш гэж үү?

-Анх сургуулиа төгсөөд бүжиглэх дуртай хүүхдүүд, иргэдэд илүү олон цагаар хичээл заах юм сан гэсэн бодол байнга л төрдөг байсан. Тэгээд тэр хүслээ гүйцэлдүүлж 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс сургалтын төвийнхөө анхны суралцагчдыг бүртгэж хүлээж авсан. 2014 онд СУИС-ыг бүжгийн багш, бүжиг дэглээчээр суралцаж төгсөөд Ардын дуу бүжгийн Алтай чуулгад бүжигчнээр ажиллаж байгаад Завхан аймаг дахь СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн сургуулийн бүжгийн багшаар ажиллаж байсан. Ингээд 2018 онд бие даан сургалтын төв байгуулж илүү олон хүнд бүжгийн спортыг зааж өгөх, бүжигт дуртай болгох бүжгийг олон нийтэд сурталчлан таниулахад илүү их цаг хугацааг зориулахаар шийдсэн. Өнөөдөр сургалтын төв маань биеэ даасан, өөрийн гэсэн суралцагчтай, тодорхой хэмжээний шавь нартай болоод байна. Ер нь ямар нэг зүйлийг цагт баригдалгүйгээр өдөр бүр шинийг санаачилж, өөрөө бие дааж оролдоод үзье гэж шийдээд л төрийн байгууллагад багш, бүжигчнээр ажиллахаа түр хойш тавиад байгаа.  

-Би огт бүжиглэж чаддаггүй, би ёстой эвсэлгүй гэж хүмүүс ярьдаг? Хүмүүс дуулж сурах, хоол хийж сурах энгийн, бас шидэт арга гэж хэлж ярихыг олонтоо сонссон. Тэгвэл бүжиглэж сурах шидэт арга бий юу?

-Тэгэлгүй яах вэ. Хүн бүр бүжиглэж чадна шүү дээ. Хүн бүр бүжиглэх дуртай байдаг. Бүжиглэж чаддаггүй гэдэг ч тэд бүгд бүжгийн хэмнэлд татагдаж, мэдэрч, догдолдог.  Ер нь хүн бүр хүүхэд байхаасаа дуулж, бүжиглэх дуртай байдаг шүү дээ. Өөдөсхөн бяцхан мөлхөө жаал хүртэл хөгжмийн аянд хөдөлж эхэлдэг биз дээ. Тэгэхээр хүн бүрд бүжгийн мэдрэмж, авьяас байдаг байх нь. Харин түүнийгээ хөгжүүлэх, эс хөгжүүлэх эсэх нь өсөж торних явцдаа олж авсан сонирхол, хүмүүжлээс нь хамаардаг.  Сурч байгаа хөдөлгөөнийг зовохгүйгээр гүйцэтгэхийн тулд та түүнийг ухамсартай үйлдлээс ухамсаргүй үйлдэл буюу рефлекс дадал л болгох хэрэгтэй. Үүнийг хийх ганц арга бол давтлага юм. Анхандаа цөөн хэдэн хөдөлгөөн танил санагдана. Давтах бүрдээ та хөдөлгөөн болон байрлалуудтай илүү их танил болно. Дасгалыг маш нухацтай хий, битгий оромд. Өмнөх хичээлүүд танд дараагийн шатны сургалтад туршлага өгөхөд зориулагдсан байдаг. Тийм учраас хэрвээ та үүнийг хийвэл бүжгийн хөдөлгөөнүүд үүлэн дунд хөвөх мэт ид шидийг мэдрүүлэх болно гэж би шавь нартаа байнга захьдаг, сургадаг. Хэн ч хийж чадна. Бүжгийн хамгийн сайхан нь хүн бүр бүжиглэж чаддагт байгаа юм. Зарим хүн өөрсдийгөө бүжиглэж чаддаггүй, авьяасгүй гэж боддог. Үнэндээ тэд хэд хэдэн удаа дасгал хийгээд л бүжгийн амтанд дурлаж эхэлнэ дээ. Хэрэв чи тэдний нэг бол яг одоо өрөөндөө хөгжмөө чангалаад хөгжмийн аясаар хүссэн хөдөлгөөнөө хийгээд үз. Аяндаа л хөгжим чамайг хөтлөөд явчихна. Хүн бүр бүжиглэж чадна. Гэхдээ хүн бүхэн шилдэг бүжигчин байх албагүй. Ямар бүжгийн тэмцээнд шалгуулах гэж байгаа биш. Эрүүл мэнддээ анхаарч, биеэ бодож байгаа хэрэг шүү дээ гэж насанд хүрэгчдэд би зөвлөдөг юм. Тиймээс манай сургалтын төв насанд хүрэгчдийг энэ спортоор хичээллэхийг урьдаг юм.

-Өнөөдөр танай сургалтын төвд насанд хүрэгчид хэр зэрэг хичээллэж байна вэ?

-Манай сургалтын төв байгуулагдсан цагаасаа хойш 50 гаруй насанд хүрэгчид идэвхтэй гишүүнээр элсэж, хичээллэж эрүүл мэнддээ анхаарал тавьж байна. Мөн зарим байгууллага санал тавьснаар долоо хоногт нэг удаа хамт олноор нь бүжиг заах хичээлийг тогтмол явуулж байгаа. Насанд хүрэгчдийг илүү түлхүү хичээллэхийг би цаг үргэлж зөвлөдөг. Учир нь дэлхий дээр жил бүр гурван хүн тутмын нэг нь 65 насандаа хорвоог орхидог гэсэн судалгаа бий. Харин энэхүү наслалтын дундаж хэмжээг илүү урт болгохын тулд юу хийх ёстой вэ. Тэгвэл бүжгийн дэгжин туфль дээрээ сайн гэгч нь эргэлд гэдгийг би насанд хүрэгчдэд зөвлөж байна. Би саяхан нэгэн судалгаагаар бүжиглэх нь биеийн тэнцвэржилтийг сайжруулдаг гэж бичсэн байсныг уншсан. Тэгэхээр амархан тэнцвэрээ алдаж унах аюулаас сэргийлдэг байх нь. Харин нас дээр гарсан үед ч биеийн тэнцвэрээ хадгалах чадвар нь хэр бүжиглэснээс шалтгаална гэсэн үг. Тиймээс та 40, 50 гарсан гэж өөрийгөө гололгүйгээр гэртээ дуртай аяндаа “танц” эргээд байж дээ. Ямар нэгэн тоног, төхөөрөмж шаардлагагүй.  Эцэст нь, бүжгээр хичээллэхийн ач тусыг уншаад яг одоо хичээллэмээр санагдаж байвал манай клуб үргэлж нээлттэй гэдгийг зөвлөе.

-Мэдээж бүжиг бол спорт. Тэгэхээр хүний биеийн эрүүл мэнд, сэтгэл зүйд их нөлөөлдөг байх?

-Тийм ээ. Бүжиг бол спортын бас нэг сайхан төрөл юм. Бүжиглэхийн ач тусыг тоочоод баршгүй. Тэгвэл бүжиг хэмээх энэ гайхалтай урлаг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг мэргэжилтнүүд олонтаа зөвлөсөн байдаг. Хамгийн эхний ашигтай тал нь зүрхний өвчнөөс сэргийлнэ. Харин дараа нь мэдээж эрүүлээр жин хасна. Үнэхээр бүжгээр хичээллээд долоо хоногийн дараа гэхэд л мэдэгдэхүйц үр дүн үзүүлдэг аж. Тиймээс та бүхэнд бүжиг яагаад чиний биед сайн нөлөө үзүүлдэг вэ гэсэн асуултад итгэлтэйгээр хариулах найман шалтгааныг хэлж өгье.  Зүрхэнд дасгал болдог, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг бусад биеийн тамирын дасгал, хөдөлгөөнтэй ижил үр дүнтэй. Тухайлбал, гүйлт, аэробикийн нэгэн адил бүжиг нь эрч хүчийг нэмэгдүүлж, ясыг бэхжүүлж, булчингийн өвдөлтөөс сэргийлдэг. Энэ тухай ч мөн мэргэжилтнүүд батлан хэлдэг. Америкийн спорт эмчилгээний үндэсний академийн ахлах физиологич хэлэхдээ: - “Бүжиглэх нь зүрхний үйл ажиллагаанд уламжлалт аргаас илүү үр дүн үзүүлж чаддаг” гэсэн байдаг. Түүнчлэн бүжгээр хичээллэснээр уян хатан байдлыг нэмэгдүүлж, булчингийн үйл ажиллагааг ч бэхжүүлдэг байна. Хэрвээ дасгал сургуулилт нь тааламжтай санагдахгүй бол хүмүүс хэзээ ч дахиж явахыг хүсэхгүй. Харин эсрэгээр нь дасгал, сургуулилт нь түүнд хөгжилтэй санагдаж эхэлбэл улам бүр идэвхийлэн хийдэг. Бүжиг яг л ийм. Учир нь бүжиглэх үед хүний биеэс сайхан мэдрэмжийн кератонин, эндерфонин даавар ялгардаг байна. Олонх нь би дасгал хийгээгүй, бүжиглэж байна гэж боддог. Гэтэл үнэндээ тэд хөгжилдөнгөө дасгал хийдгээ мэддэггүй. Тэгэхээр хөгжилдөнгөө аз жаргалтайгаар эрүүл мэндийн дасгал хөдөлгөөнийг хийж байгаа гэдгээ мэддэггүй байх нь. Бүжиг бол багийн, хосын, олон нийтийн урлаг бас спорт юм. Эцсийн дүндээ чи зөвхөн өөртөө зориулж бүжиглэдэггүй шүү дээ. Хэн нэгэнтэй, хамт олонтойгоо, хостойгоо бүжиглэдэг. Тэгээд ч хамтдаа хийсэн дасгал сургуулилт, ганцаараа хийснээс илүү үр дүнтэй байдаг шүү дээ. Бүжгээр хичээллэснээр хүний эрүүл мэндэд олон талын өөрчлөлт гарч, эрүүлжих төдийгүй нийгэмшихүйн хувьд ч асар олон давуу чанарыг мэдрүүлдэг.  Хамгийн түрүүн хүний уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.  Уян хатан чанар бол эрүүл биеийн хамгийн чухал шинж. Бүжигт маш их уян хатан байдлыг шаарддаг. Бүжгийн хичээл дандаа бие халаах буюу сунгалтын дасгалаар эхэлдэг. Бүжгээр хичээллэж байгаа хүн бүх л булчингаа ажиллуулж, хөдөлгөөн бүрийг далайцтай, төгс гүйцэтгэхийг хичээх хэрэгтэй. Үүний үр дүнд булчингууд уян хатан болдог. Бүжигт гэдийх, бөхийх, цээжний суналт зэрэг хөдөлгөөн их байдаг тул бүжгээр хичээллэж буй хүн яваандаа маш уян хатан болдог билээ. Түүнчлэн хүч тамиртай болдог.  Хүч тамир гэдгийг булчингийн хүч гаргах чадвар гэж болно. Бүжиглэх үед тухайн хүний биеийн жингийн эсрэг булчин хүчтэй ажилласнаар булчин аяндаа хүч тамиртай болдог. Балет бүжиглэхэд дээш үсрэх болон харайх хөдөлгөөн их байдаг. Энэ нь хөлийн булчинг маш хүчирхэг болгодог. Харин латин болон стандарт бүжигт бүх булчин жигд, маш сайн хөгждөгөөрөө гайхалтай. Хослон бүжиглэгч эмэгтэйгээ толгой дээрээ өргөж байгаа эрэгтэй бүжигчний булчинг та сайн анзаараарай. Мөн бүжиг бол тэсвэр тэвчээрийг бий болгодог. Бүжиг бол дасгал хөдөлгөөний нэг төрөл. Бүхий л дасгал хөдөлгөөн хүний тэсвэр тэвчээр, хатуужлыг сайжруулдаг. Тэсвэр тэвчээр гэдгийг хүний булчин олон цагийн турш огт ядралгүйгээр эрчимтэй ажиллах чадвар гэж ойлгож болно. Бүх төрлийн бүжиг, ялангуяа маш их эрч хүч шаарддаг латин бүжгээр хичээллэдэг хүний тэсвээр тэвчээр гайхалтай байдаг шүү дээ.  Мөн эрүүл байх мэдрэмжийг цаг үргэлж төрүүлдэг. Бүжиг бол идэвхтэй амьдралын нэг хэлбэр. Олны дунд орж, бүжгийн анд нөхөдтэй болох нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, аливааг эерэгээр харахад тусалдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Бүжиглэх нь бусадтай танилцах олон боломжийг бас нээж өгдөг. Бүжгийн клубт хичээллэснээр өөртөө итгэлтэй болж, хүмүүстэй харилцах чадвар дээшилнэ. Учир нь биеийн дасгал хөдөлгөөн хийснээр стресс тайлагдаж, халуун дулаан орчин бий болох агаад тогтмол бүжиглэснээр эрүүл биетэйгээ мэдрэх гайхалтай мэдрэмжийг өдөр бүр авах боломжтой юм. Тэгэхлээр бүжиг бол бидэнд зайлшгүй хэрэгтэй спорт юм шүү. Тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Оюун ухаан, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Ялангуяа унших, ухаан сорьсон тоглоомд чадвар дээшлүүлдэг. Судалгаагаар бүжиг сэтгэцийн олдмол өвчний эрсдэлийг 76 хувиар бууруулдаг гэж би уншиж байсан. Өргөн, далайцтай янз бүрийн хөдөлгөөнүүд нь таны биед зориулсан хамгийн том аврагч. Өөр төрлийн холимог хөдөлгөөнүүдийг хамтад нь, олон дахин тогтмол хийснээр чиний бие аяндаа л хөнгөрөөд ирнэ. Бурхан хэнийг ч робот мэт хөшүүн хөдөлгөөнтэй зураагүй шүү дээ. Харин тогтмол хийдэг хөдөлгөөнүүд дээрээ бага зэргийн донж, өөрчлөлт нэмээд л хөгжмийн хэмнэлд тааруулан бүжсэнээр бидний сэтгэл санаа ч сэргэнэ шүү дээ.

-Өнгөрсөн жил “Show dance 2018” Завхан аймгийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнийг танай сургалтын төвөөс санаачлан амжилттай зохион байгуулсан. Энэхүү тэмцээнээс хойш бүжгээр хичээллэх иргэд, хүүхэд залуусын тоо нэмэгдсэн байх?

-Манай сургалтын төвөөс Завхан аймагт анх удаа бүжгийн томоохон тэмцээнийг өндөр шагналтай зохион байгуулсан юм. Энэ тэмцээнд 220 хүүхдийг нэгэн хамтлаг болгож оролцуулсан байгаа. Мэдээж бүжгийн тэмцээн өрсөлдөөнтэй байсан хэдий ч клубын бүжигчид нэгэн баг, цул болж багаараа нэг хүн шиг л оролцсон нь амжилт байсан. 220 хүүхэд нэгэн зэрэг хөдөлгөөнийг алдалгүй хийнэ гэдэг бахархалтай шүү дээ. Бас чадвар, техникийн амжилт юм. Үүгээрээ бүжгийн урлагийг илүү сурталчлах арга хэмжээг олон нийтэд үзүүлж чадсан шүү. Энэ уралдаан бүжгийн спортоор хичээллэдэг бүх насныханд урам өгсөн, бас сонирхлыг нь төрүүлж чадсан тэмцээн болсон. Мөн бид жил бүр уламжлал болгож, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж хэвшээд байна. Энэ тэмцээнд насанд хүрэгчид идэвхтэй оролцож байсан нь бүжгийн урлаг, спортыг олон нийтэд таниулах сургалтын төвийн үйл ажиллагаа их нөлөөлсөн санагддаг. Учир нь тэмцээнд манай сургалтын төвийн оролцогчид ихэвчлэн оролцсон байгаа. Манай клубын сурагчид өнгөрсөн жил аймгийн болоод улсын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ уралдаан тэмцээнд оролцохоос илүүтэй хүүхдүүдэд тэсвэр хатуужил, уян хатан байдлыг олгож байгаа болохоор өдөр бүр суралцагчийн тоо нэмэгдээсэй, хүүхэд бүр бүр цаашлаад гэр бүлээрээ бүжгийн спортод, урлагт дурлаасай гэж боддог мөрөөдөл, хүслээ биелүүлэхийг зорьдог доо.

-Танай сургалтын төвд яг хэчнээн хүүхэд суралцаж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 87 хүүхэд тогтмол хичээллэж байна. Бага, дунд, ахлах гэсэн ангиллаар хичээллэдэг. Долоо хоногийн гурван өдөр хичээллэдэг. Бид уламжлалт бүжгийн төрлөөс гадна балет, латин бүжиг, монгол бүжиг, цэнгээнт бүжиг, спортын бүжгийн төрлүүдийг зааж байгаа. Хамгийн бага суралцагч маань гурван настнууд. Тэд амралтын өдрөөр хичээллэхээр эгч ах нартайгаа хамт ирдэг. Мөн хамгийн ахмад нь 63 настай. Тиймээс бүжиг бол бүх насныхны дурлах спорт, урлаг юм гэдгийг хэлмээр байна. Бүжиглэх үед таны зорилго нэг алхмаас нөгөөд шилжих бус алхам бүрээсээ таашаал авахад оршдог шүү.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ