“Цагдаагийн гэр бүл” нэвтрүүлгийн уралдаанд Өвөрхангайн телевиз шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-14 22:06:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгаас улсын хэмжээнд зохион байгуулсан "Цагдаагийн гэр бүл” сэдэвт теле нэвтрүүлгийн уралдааны “Цагдаагийн ээж” төрөлд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Соёмбо телевиз хамтран бүтээсэн нэвтрүүлэг тэргүүн байр эзэлжээ.

Нэвтрүүлэгт Тарагт сумын малчин А.Ичинхорлоо оролцож, цагдаагийн албанд хүчин зүтгэж буй хоёр хүүгийнхээ тухайд чин сэтгэлийн яриа өрнүүлсэн байна. Түүний том хүү Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хад-Оргодол Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч, дунд хүү Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин нь Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагчаар ажилладаг. Тэд хөдөө өссөн хүүхдүүдийн адил ишиг хурга хариулан адууны дэл дээр хүн болсон бөгөөд нийгэмд энхийг сахиулах хүнд хүчир албыг сонгон ажиллахад нь ээж А.Ичинхорлоо тийм ч дуртай байгаагүй гэнэ. Гэсэн ч төрийн сүлдэндээ залбиран цай сүүнийхээ дээжийг өргөөд санаагаа амраадаг хэмээн ярилаа. Нэвтрүүлгийн үеэр хоёр хүү нь ээждээ бичиж байсан захидлуудыг уншиж, эхийн тухай дуу дуулж, эх үрийн нандин холбоог илэрхийлж байв.

“Цагдаагийн гэр бүл” уралдаант нэвтрүүлэгт цагдаа, дотоодын цэргийн 25 анги, байгууллагаас “Цагдаагийн ээж” сэдвээр 11, “Цагдаагийн гэргий” сэдвээр 14, “Цагдаагийн хүүхэд” сэдвээр 13 нийт 38 бүтээл ирүүлжээ.
Холбоотой мэдээ