Аймгийн аварга малчин, саальчин, тариаланчид шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-14 15:08:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж, мал сүргээ чанаржуулан ашиг шимийг нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд амжилт гарган ажилласан малчид, тариаланчдыг аймгийн аваргаар тодрууллаа.

 “Аймгийн аварга малчин”-аар 74 хүн тодорсоны дотор “Аймгийн аварга тэмээчин” гурав байна. Тодруулбал, сум бүрээс 3-5 малчин аймгийн аваргаар шалгарсан ба Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн малчин Ч.Улаанхүү, Гучин-Ус сумын 2 дугаар багийн малчин Я.Эрдэнэ-Очир, Богд сумын 5 дугаар багийн малчин О.Батсайхан нар “Аймгийн аварга тэмээчин” болжээ.

“Аймгийн аварга саальчин”-аар 3 хүн шалгарсан бөгөөд Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн малчин Р.Даваасүрэн, Арвайхээр сумын 2 дугаар багийн малчин С.Хандсүрэн, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин М.Отгон нар аваргын болзлыг хангасан юм. Мөн Арвайхээр сумын 3 дугаар багийн иргэн Б.Рэнчинсэнгээ, 1 дүгээр багийн иргэн В.Болорцогт, Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн иргэн Д.Цогмаа нар “Аймгийн аварга тариаланч”-аар шалгарлаа.

Аваргуудын шагналыг 1 дүгээр сарын 20-иос хойш хотонд нь очиж гардуулах ба “Аймгийн аварга малчин”, “Аймгийн аварга саальчин”-ыг гэр бүлийн хамт үнэмлэх, энгэрийн тэмдэг, 400 мянган төгрөгөөр, “Аймгийн аварга тариаланч”-ийг үнэмлэх, энгэрийн тэмдэг, 400 мянган төгрөгөөр шагнан урамшуулах юм. Аймгийн аваргуудын шагналд 32.6 сая төгрөгийг зарцуулах аж.

 

 

Холбоотой мэдээ