Тусгаар тогтнолын баганыг 45 жилийн өмнө босгож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-20 23:03:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв буюу Баянхонгор сумын нутагт байх хөшөө дурсгалаас онцлон хүргэж байна. Энд Эрдэнэмандал хайрханы оройд залсан Баянхонгорын шүтээн бурханаас эхлээд Хотын бэлгэдэл, Үндсэн хуулийн хөшөө, алдартнуудын хөшөө зэргийг багтаалаа.


Баянхонгорын шүтээн бурхан

Хотын баруун хэсэгт байрладаг Хөх толгой буюу “Эрдэнэмандал” хайрханы оройд нутгийн шүтээн бэлэгдэл “Баянхонгор бурхан”-ы дүрийг залсан байдаг. Галуут сумын нутаг дахь Хонгор хайрханы эзэн савдаг “Баянхонгор бурхан” нь аймгийнхаа уул ус, газар нутаг, хүн ардыг ивээж, хамгаалдаг гэх домог бий.  1995 оны зургаадугаар сард тухайн үеийн аймгийн удирдлагууд Баянхонгор орны эзэн савдаг гэж үздэг дээрхи бурханыг нутгийн шүтээн бэлгэдэл болгох шийдвэрээ гаргажээ. Ардын урлагийн их наадам, залуучуудын урлаг спортын уулзалт, гурван үеийн чуулган Баянхонгор хотноо болох үеэр буюу 2006 онд Баянхонгор бурхныг “Эрдэнэмандал” хайрханы оройд залсан байдаг. Эл хайрхан аймгийн төв дэх хамгийн өндөрлөг газар тул нутгийн зон олон цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гарган, ургах нарыг харах гэж зорин очдогоос гадна эндээс хотын ерөнхий байдал бүхлээрээ харагддаг онцлогтой.


Баянхонгорын шүтээн бурхан нь

              Баясгалант сайхан ааштай

Үзэсгэлэнт цагаан царайтай

Залуу хөөрхөн бүсгүй билээ

Тэр бүсгүй:

Үхэшгүй мөнхийн рашааныг

Халгиулж дүүргэсэн

Мөнгөн бумба гартаа барьсан

Барагдахгүй цагаан идээг

Бялхуулсан алтан тавгийг

Зүүн гартаа барьсан

Заяа сайтай

Заан хөлөглөсөн байх ажээ.

 

Баганат талбай

Хонгор нутгийн ард олон Тусгаар тогтнолын багана бүхий төв талбайгаа Баганат талбай хэмээн нэрлэдэг. Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний бэлгэдэл хэмээн дээдэлдэг тус баганы түүхийг сөхвөл:

1945 оны 10 дугаар сард БНМАУ-ын Төрийн тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зурахад зориулсан хурал цуглаан аймгийн төв хөдөөд 200 гаруй удаа болжээ. Мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо “Төрийн тусгаар тогтнолын төлөө” аймгийн насанд хүрсэн бүх иргэд /24114/ оролцож, гарын үсгээ зурсан байна. Тэр жилээ Баянхонгор аймаг Төрийн тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн модон баганыг аймгийн төвд босгосон аж.

Ийнхүү “Тусгаар тогтнолын” гэж олноо нэрлэгдсэн баганаа 1974 онд улс тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн аймгийн намын хороо, захиргааны өмнөх талбайд бүтээжээ. Энэхүү сүрлэг сайхан баганы зургийг архитектор инженер н.Дашигдорж хийж, уран барималч Д.Найдан гардан бүтээсэн байна.

            Баганат талбайг 1974 онд байгуулснаас хойш өргөтгөл, шинэчлэл хийгдээгүй байсныг 2014 онд их засварт оруулж, энэ хүрээнд “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн”, төв талбайн хучилт, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Өргөтгөл, засварын ажлын хүрээнд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг ч нэг мөр шийдсэн байна.

 

Н.Жамбаагийн хөшөө

            Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөө аймгийн ЗДТГ-ын өмнөх талбайд байдаг.

1939 оны Халх голын дайны эхнээс дуусах хшртэл тулалдсан баатруудын нэг бол Норпилын Жамбаа. Баянхонгор аймгийн Богд сумын харъяат Жамбаа баатрын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

Н.Жамбаа баатрыг Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны гавьяаны хүндэт одон, Сүхбаатарын одон, Шударга журам медалиар шагнаж байжээ. Ингээд 1979 оны наймдугаар сарын 15-ны өдөр Алтан таван хошуу, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цол олгожээ. 

 

Хотын бэлгэдэл

1995 онд “Төрийн бэлгэдлийн тухай” хуульд заасны дагуу Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар хотын бэлгэдлийг баталсан байдаг.

Энэхүү бэлгэдэл нь алхан хээгээр хүрээлсэн дугуй дотор нуруун дээрээ “Гонгорын бумба” залсан барын дүрс юм. Уг бэлгэдлийг баталсан тогтоол тайлбарын дагуу бүтээж, 1995 оны цагаан сарын шинийн нэгний өдөр хүндэтгэлтэйгээр байрлуулан залж ёсолжээ.

2007 онд сум /хот/ байгуулагдсаны 50 жилийн ойгоор сумын ЗДТГ-ын хашаанд дурсгалын хөшөөг босгон мөнхжүүлсэн байна.

 

Үндсэн хуулийн хөшөө

Үндсэн хууль болон үндсэн хуулийг батлалцахад Баянхонгор аймгаа төлөөлөн оролцсон хүмүүсийг алдаршуулж, 2008 оны 11 дүгээр сарын 26-нд Үндсэн хуулийн хөшөөг Баганат талбайд босгож байжээ. Харин 2014 онд Ахмадын цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулсан байна.

 БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн Хоёрдугаар хуралдаанаар 430 депутат Шинэ Ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд Баянхонгор аймгаас 21 депутат оролцож байжээ. Баянхонгор аймгаас П.Пүрэвгял, О.Нямдаваа, Т.Галсан, А.Рэгзэн, Г.Бүдий, Ц.Очирбал, Б.Санджуйжав, Т.Төмөрбаатар, Н.Сэндэнжав, Г.Жадамбаа, Д.Марав, Б.Искра, Б.Сангисэрээ, Р.Доржбат, Ч.Батболд, Л.Дүйсэнсанги, Ж.Жагравал, Б.Чойжилсүрэн, М.Жадамбаа,, Л.Баяндалай, Т.Ширмэн нарын 21 депутат анхдугаар үндсэн хуулийг батлалцсан түүхтэй. Тус хуралд нийт есөн малчин оролцсон байдаг бол хоёр нь Баянхонгорынх аж.

 

Бага эмч Ц.Магсарын хөшөө

Эмчийн халадтай, энгэртээ бага насны хүүхэд тэвэрсэн байдалтайгаар мөнхжүүлсэн тус хөшөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаан дотор байдаг.

            Цогтын Магсар нь 1939 онд Архангай аймгийн сувилагчийн курс төгсөн, нутагтаа ажиллаж байх хугацаанд 1943 оны есдүгээр сард тус сумын Нэгдүгээр багийн нутаг Рашаант гэдэг газар гарсан тарваган тахал өвчнөөс элэг нэгт ахан дүүсээ аврахын төлөө эмч хүний эрхэм үүргээ биелүүлээд амь үрэгджээ. Түүний алдар нэрийг мөнхжүүлэн 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн  зарлигаар  Баянхонгор аймгийн Нэгдсэн больницыг эх оронч, цогтой тэмцэгч Цогтын Магсарын нэрэмжит болгосон байна.

 

Гавшгайчдын баримал

1984 онд Уран барималч Ч.Сосорбарамын санаачлагаар Гавшгайчдын цэцэрлэгт хөшөө дурсгалын цогцолборыг аймгийн төв Цэнгэлдэх хүрээнлэнгийн өмнөх талбайд барьж байгуулжээ.

Харин сүүлд буюу 2011-2013 онд УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санаачлагаар тус талбайд “Мазаалай парк” болгон шинэчлэн байгуулсан байна.

 

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө

Хэлмэгдсэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөө аймгийн Хөгжимт драмын театрын урд цэцэрлэгт хүрээлэнд 10 шахам жилийн өмнө боссон бөгөөд "Өндөг шиг өөгүй хүмүүсийг Том гараар нугачин дарж байсныг өгүүлэхийг зорьсон" хэмээн хөшөөг урласан МУСТА Б.Сосорбарам ярьж байжээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд хэлмэгдэлтийн шуурганд өртсөн 17 хүн бүртгэгдсэн бөгөөд өдгөө тэдний үр хүүхэд, ач зээ 600 гаруй хүн байдаг байна.

 

П.Аюушийн хөшөө

          "Нисэхийн" хэмээх Пагмын Аюуш нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн Улсын арслан юм. Тэрбээр 1946 онд зургаа давж улсын заан болсон бол 1947 онд зургаа даван, 1949 онд ес давж түрүүлэн арслан цолны болзлыг хангасан бөгөөд 1953 онд тав давж байжээ.
П.Аюуш 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аварга түүнд бууж өгсөн гэж үзэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлаж шууд босч яван, цолыг нь олгоогүй аж. Түүнд 1956 онд улсын арслан цолыг нөхөн олгосон байна. 
Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөө­лийг ч хохироосон юм” гэжээ. 

Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан П.Аюуш арсланд зориулж бодь суварга, 2005 онд Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын өмнөх талбайд хүрэл хөшөөг босгож алдар нэрийг нь мөнхжүүлсэн байна.

Холбоотой мэдээ