Цэргийн тоо бүртгэл өнөөдөр дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-09 14:11:51

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 638 дугаар захирамжийн дагуу Цэргийн тоо бүртгэлийг 17 сумын 91 багт  зохион байгуулж байна. Цэргийн бүртгэлийн хугацаа өнөөдөр буюу 1 дүгээр сарын 09-ний өдрийн 17:00 цагт дуусах тул дээр дурдсан цэргийн үүрэгтнүүд хуулийн хугацаандаа амжиж бүртгүүлэх шаардлагатай байгааг  аймгийн Цэргийн штабаас анхаарууллаа.

Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуульд Цэргийн бүртгэлд 18-50 насны 1, 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл ахлагч буюу 55 хүртэлх насны Дунд Офицер, 60 хүртэлх насны Ахлах Офицерууд, 45 хүртэлх насны цэрэгт бүртгэлтэй эмэгтэйчүүд бүртгүүлнэ. Цэргийн бүртгэлд хамрагдах иргэд сум, баг, хорооныхоо байранд тогтоосон хугацаанд очиж бүртгэлдээ хамрагдах ёстой гэж байдаг. Түүнчлэн цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаях, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг билээ. 


Хэрэв иргэд хуулийн хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгодог байна. Өнгөрсөн 2018 онд аймгийн хэмжээнд Цэргийн албыг биеэр хаах нас нь хэтэрсэн буюу 26-аас дээш насны 45 иргэн Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж, Улсын төсөвт 37 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн гэж албаныхан мэдээллээ. Мөн цэргийн тоо бүртгэлийн нэгдсэн дүн 01 дүгээр сарын 15-ны өдөр гарах юм байна. 

 


Холбоотой мэдээ