“Түрээсийн орон сууц” хөтөлбөр Орхон аймагт хэрэгжих боломжгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр барьж буй барилга ашиглалтад ороогүй тул “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжих боломжгүй байна.
Хоёр жилийн өмнө тус аймагт ТОСК-ийн санхүүжилтээр 1000 айлын орон сууц барих шийдвэр гарч эхний ээлжинд 315 айлын орон сууц барихаар болсон. Барилгын ажил 2014 оны долоодугаар сард эхэлсэн боловч одоо хүртэл дуусаагүй байна. “1000 айлын орон сууц хөтөлбөр “ хоёр үе шаттай бөгөөд эхнийх нь 2014-2015 онд 315, 2015-2016 онд 700 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байсан. Үүний дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёр дахь шатны барилгыг эхлүүлж энэ оны тавдугаар сард ашиглалтад өгөх ёстой байжээ. Харамсалтай нь хөрөнгө, санхүүгийн байдлаас болж ийнхүү хойшилсоор байна. Гэхдээ ТОСК түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ уялдуулж дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон. Иймд барилгажилт дуусаагүй тохиолдолд шинэ байр худалдаж авах эсвэл санхүүжилтыг нь яаралтай өгөх зэргээр шийдэх гэнэ.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөр нь Улаанбаатар хот, Дархан-Уул, Увс, Ховд, Сэлэнгэ, Хэнтий, Орхон аймагт хэрэгжинэ. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод бүртгэх ажээ.
Б.Оюун-Эрдэнэ