“Эрдэнэс Тавантолгой” улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-08 16:55:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 30 сая тонн нүүрс олборлож борлуулсны 13.5 сая тонн нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногдож байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн мэдэгдэж буйгаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК түүхэндээ 45 сая гаруй тонн нүүрс олборлосноос, 2018 онд 10.7 сая тонныг олборлон, 12.8 сая тонныг экспортолжээ. Тус компани 1.86 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлэн, улсын төсөвт 480 тэрбум төгрөг төвлөрүүлж, 670 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Монгол Улсын төрөөс Тавантолгой ордыг цогцоор нь хөгжүүлэхээр шийдвэрлэж, олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар бэлтгэлээ хангаж, дагалдах томоохон төслүүд болох төмөр зам, авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2019 онд олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төмөр зам, авто зам барьж, нүүрс угаах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамжийн төслөө үргэлжлүүлж, эрдэнэсээр овоглосон шинэ хотыг бүтээн байгуулах ажлыг эхлэх аж.

Түүнчлэн олборлох хүчин чадлаа 18 сая тоннд хүргэж, уурхайн ажилчдын хотхон, оффиссын барилга, зам талбай, сургууль, цэцэрлэг шинээр барьж, Говийн ногоон хэрэм төсөл”-ийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын утааг бууруулахад шинэчлэл авчрах шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн байгуулж, нүүрс тээврийн жолооч нарт зориулсан төвүүдийг бий болгох зэрэг олон ажлыг ирэх онд төлөвлөснөө мэдэгдэж байна. 

Холбоотой мэдээ