Япон цунамид нэрвэгдсэнээс хойш 5 жил өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-11 09:20:00

ТОКИО. /NHK/. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Японы зүүн хойд нутаг цунамид өртсөний таван жилийн ой өнөөдөр тохиож байна. Гэвч уг гамшигт өртсөн газар нутгийг сэргээх ажил хойшлогдож, 170 мянга гаруй хүн өнөөг хүртэл хоргодох байр, түрээсийн орон сууцанд амьдарч байна.

2011 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 02:46 цагт Японы зүүн хойд эргийн ойролцоох Номхон далайд есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Үүний улмаас 10 гаруй метр өндөр цунами үүсэж, Японы зүүн хойд болон зүүн эргийн зэргэлдээх газар нутагт ихээхэн хохирол учруулсан байна.

Уг газар хөдлөлтийн голомт гамшиг болохоос өмнөх үеийнхээс илүүтэйгээр тогтмол чичиргээтэй байгаа нь одоо ч мэдрэгддэг ажээ. Японы зүүн хойд нутгийн газар зүүн тийш нүүсэн бөгөөд одоо болтол эрэг нь идэгдэж, бага багаар усанд автсаар байна.

Пүрэв гарагийн байдлаар, 2011 оны гамшгийн улмаас 12 мужид 15894 хүн амиа алдсан бол зургаан мужид нийт 2561 хүн сураггүй хэвээр байна гэж Японы Цагдаагийн газар мэдэгджээ.

Харин Сэргээн босголтын агентлагийн мэдээлснээр, 10 мужид эрүүл мэндийн шалтгаанаар наад зах нь 3407 хүн нас барсан байна. Мөн хоёрдугаар сарын 12-ны байдлаар 174 мянга хүн түр зуурын, түрээсийн болон бусад төрлийн сууцанд дүрвэгч маягаар амьдарч байна гэж тус агентлаг мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ