“Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-10 15:39:02

Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Оюутан цэрэг” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 2014, 2015 онд 60 гаруй их дээд сургуулийн нийт 1500 орчим оюутан хамарсан бөгөөд энэ жил 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэжээ. Энэ жилийн хувьд нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт тус хөтөлбөр хэрэгжинэ.

Нийслэлийн цэргийн штабын дарга Ж.Болдбаатар “Сүүлийн үед төрөөс цэргийн алба хаах сонголтын олон хэлбэрийг бий болгосон. Үүнд, Цэргийн жинхэнэ алба, мөнгөн төлбөрөөр, цэргийн дүйцүүлэх алба, гэрээт цэргийн албаар хаах зэрэг ордог. “Оюутан цэрэг” хөтөлбөр нь цэргийн алба хаах нэг төрөл гэж ойлгож болно.

Энэ хөтөлбөр нь цаашид хуульчлагдан хэрэгжсэнээр бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нийт залуусыг цэргийн алба хаадаг тогтолцоонд шилжихэд тодорхой хувь нэмэр оруулахаас гадна их, дээд сургуулийн оюутнуудыг эрчимжсэн сургалттай цэргийн бэлтгэлд хамруулж эх орноо батлан хамгаалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаар олон нийтэд сурталчлан таниулах чухал ач холбогдолтой” гэв. “Оюутан цэрэг” хөтөлбөрт их, дээд сургуулийн зөвхөн нэгдүгээр курсын 2 дугаар хагаст суралцаж буй энэ оны 6 сарын 18-наас  өмнө 18 нас хүрсэн оюутан хамарна.

Нийслэлийн засаг даргын 2016 оны А162 дугаар захирамжын дагуу их дээд сургуулиудад ажлын хэсэг томилсон бөгөөд 3 дугаар сарын 23-25-ны өдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл болно. Тус хөтөлбөрт хамарсан оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн үүргийнхээ биелэлтийг хангаж, сургуулиа төгссөний дараа шууд төрийн албанд орох боломж нээгдэх аж.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ