Челябинск мужид гашуудал зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-02 10:59:13

ЧЕЛЯБИНСК. /RT/. ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын орон сууцны барилгад ахуйн хий дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж тус мужид нэгдүгээр сарын 2-ны өдөр гашуудал зарлажээ. Холбогдох захирамжийг мужийн захирагч Борис Дубровский гаргасан байна.


Энэ өдөр муж даяар төрийн далбааг бөхийлгөнө. Албан газрууд, байгууллагууд, радио телевизийн компаниудад зугаа цэнгэлийн арга хэмжээнүүдийг цуцлахыг зөвлөмж болгожээ.


12 дугаар сарын 31-нд Москвагийн цагаар 4:00 орчимд Магнитогорск хотын 10 давхар байшинд ахуйн хий дэлбэрсний улмаас орцнуудын нэг нурж, 46 хүн амьдарч байсан 26 айлын орон сууц сүйдэж нурсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, есөн хүн амиа алджээ. Таван хүнийг нурангин дороос аварч, эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Одоогоор 30 гаруй хүний хувь заяа тодорхойгүй байгаа тухай Оросын Онцгой байдлын газар мэдээлжээ.


Холбоотой мэдээ