“Дакар ралли 2019” уралдаанд хурдаа сорих манай баг Перу улсад очжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Авто спортын олимп хэмээгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 06-17-нд зохион байгуулах бөгөөд энэ уралдаанд хүч, хурд, ур чадвараа сорих манай баг тамирчид тус улсад очоод байна.
Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсад болох 41 дэх удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин өрсөлдөнө. Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехникаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах юм.
Автомашины
SxS ангилал буюу дөрвөн дугуйтаар оролцох автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр,
Ө.Бямбацогт нар 413 дугаартай уралдахаар болжээ. “Дакар ралли” уралдааны замд
Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцсон бөгөөд 2015 оны
хүртэл автомашин, мотоциклийн төрлөөр оролцож байв.
Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг амжилттай дуусгаж байлаа. Тэрбээр “Дакар ралли” уралдаанд Монголын анхны финиш хийсэн чиглүүлэгч юм. Харин тухайн жил ОХУМ Ө.Бямбацогт оролцсон ч техникийн эвдрэлээ болж замаа дуусгаж чадаагүй.
“Дакар ралли 2019” уралдаан Перу улсын нутагт арван өдрийн турш 5603 км үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай зам байх юм.