Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд өнөөдөр байрандаа оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-31 14:39:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр товлоод байсан НИТХ-ын ээлжит XXI хуралдаан энэ өдөр үргэлжлэх байсан ч НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит XXI хуралдааныг цуцаллаа. Он солигдох энэ мөчид гадаадын томилолт, албан арга хэмжээ давхацсан тул хуралдааныг ийнхүү цуцалсан талаар НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ. Уг нь өнөөдрийн НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэх товтой байсан юм.

Дээрх хуралдаан хойшилсноор НИТХ-ын тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн IV хорооны "Сансар хотхон" гудамжинд өрнүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 20 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлэв. Дахин төлөвлөлтийн төслийн улмаас дээрх өрхүүд түрээсийн байраар амьдарч, НИТХ-д уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тэргүүлэгчид 203 дугаартай тогтоол гаргаж, Сүхбаатар дүүргийн XI хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан 7.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий түр оршин суух түрээсийн орон сууцны барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авч, "Сансар хотхон" гудамжны айлуудыг тус байранд оруулахаар болов.

НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нар хохирсон өрхүүдийн төлөөллийг хүлээн авч, тогтоолыг танилцуулав. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд өнөөдөр байрандаа орж байна.

Холбоотой мэдээ