Туркийн яруу найрагч оросуудаас уучлалт гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-10 12:45:56

МОСКВА. /TASS/. ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөж, үүний улмаас нэг нисгэгч нь амиа алдсанд Туркийн яруу найрагч Гусейн Хайдар оросуудаас уучлалт гуйн, шүлэг бичжээ.

“ОХУ-ын агуу ард түмнээс уучлалт гуйж байна” шүлэгтээ тэрбээр, “ах, дүүгийн барилдлага бидний нүдний өмнө тасарлаа” гэж бичжээ.

Сири дэх террористуудтай тэмцэх ажиллагаанд оролцож байсан ОХУ-ын “Сухой Су-24м” бөмбөгдөгч онгоцыг Туркийн Агаарын цэргийн хүчний “F-16” сөнөөгч онгоц өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд сөнөөсөн билээ. Манай агаарын хилийг зөрчсөн учир Оросын онгоцыг сөнөөсөн гэж Турк мэдэгдсэн боловч ОХУ-ын Батлан хамгаалахын яам, “Су-24м” онгоц Сирийн нутаг дэвсгэр дээгүүр нисэж байсан бөгөөд Туркийн агаарын хилийг зөрчөөгүй гэж мэдэгдсэн байна.

Уг онгоцны нисгэгч Олег Пешков сүйрлийн үед шүхрээр газардсан боловч босогчдын гарт амиа алдсан байна. Харин хоёрдугаар нисгэгчийн амийг аварч, ОХУ-ын цэргийн баазад хүргэжээ.

Д.Нямтулга


 

Холбоотой мэдээ