Жагсагчид УИХ-ын даргыг огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-27 15:05:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг нэр бүхий 5 гишүүн шаардаж буй бөгөөд түүнийг албан тушаалаасаа огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ өнөөдөр "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалын үеэр мэдэгдэв.

Тус жагсаал цуглаанд Эрс шинэчлэл, Нэхүүл, Намгүй монгол хөдөлгөөн, ДМ нэгдэл, АТОЗ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгджээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Бид УИХ-ын гишүүнийхээ хувьд хуулиар хүлээсэн үүрэг, шударга ёсыг сахин биелүүлж, хууль ёсыг эрхэмлэх тангарагтаа үнэнч байж Монгол Улсаа “МАНАН”-гийн барьцаанаас гаргахаар тэмцэж байна. Монголын ард түмэн “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 49 хувь, Цагаан суваргын орд зэрэг Алтай таван богдоос Дорнын тал хүртэлх баялаг ордуудаа энэ бүлэглэлд алдсан. Энэ дээрмийг таслан зогсоохоор ард түмэн бид өнөөдөр нэгдэж байна. Хууль хяналтын байгууллагыг хяналтандаа авч чадсан энэ бүлэглэлийг ард түмэн нэгдэж байж зогсоож чадна. Монголчууд бид нам, нутаг ус харгалзахгүй нэгдэн Монголын орд баялгийг тонон дээрэмдэж байгаа дээрх бүлэглэлийг нураах цаг болсон” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Үндсэн хуулийн 3.1-т зааснаар “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэсэн байдаг. Түүнчлэн ард түмэн засгийн эрхэд шууд оролцохоос гадна УИХ-д сонгогдсон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхэд оролцоно гэж заасан. Тиймээс сүүлийн 25 жилд бүрэлдэн бий болсон "МАНАН" бүлэглэлийг нураахаар Монголын ард түмэн УИХ-д сонгогдсон төлөөллөөрөө дамжуулан оролцохоор цуглаад байна. 

Сүүлийн 25 жилд Монгол орны байгалийн баялаг цөмөгдөж, ард түмэн ядууралд автахыг бүгд харж суулаа. Дээрх бүлэглэлийн гол зорилго нь байгалийн баялгийг ард түмнээс завшиж булаахад оршдог. Үндсэн хуулийн 6.1-т газрын хэвлий дэх байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байхаар заасан. Гэтэл Монгол орны байгалийн баялгийг энэ бүлэглэл хамж, цөлмөснөөр ирээдүйд сүйдсэн байгальтай, ард түмэн нь ядуу, улс нь хагарсан нөхцөл байдал руу түлхэж байгааг Монголын ард түмэн хэрхэвч зөвшөөрөхгүй. Тиймээс нэн даруй "МАНАН" бүлэглэлийн энэ үйл ажиллагааг зогсоож, түүний толгойлогч УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Тэд энэ гэмт үйл ажиллагаа, булхайгаа хууль шүүхийн байгууллагад шургуулсан гар хөлөөрөө дамжуулж хамгаалсаар ирсэн. Хууль шүүхийн байгууллага тэдний гар хөл болж байгааг М.Энхболдын харуулсан ААРХАЛ ажиллагааа нотолсон. “60 тэрбум”-ын гэх хэргээр төрийн албыг наймаалцах, төрийн эрхийг хууль бусаар авах санаархалд оролцсон гэдгээ тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн нь ард түмэн хариуцлага тооцох хангалттай үндэслэл гэж үзэж байна” гэв. 

УИХ гишүүн Л.Болд, “Энэ талбай дээр яг ийм хүйтэн өдөр Монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж Ардчилсан хувьсгалыг байгуулсан. Гэхдээ бид эрх чөлөөгөө авсан ч өмч хөрөнгөө алджээ. Манай залуус  өмч хөрөнгөгүй, байгалийн баялаггүй учраас эх орноосоо дүрвэж байна. Бидний 40 гишүүн УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд байгаа. Энэ хуульд Монголын ард түмэн байгалийн баялгаа өмчилж, орд стратегийнхээ эзэд нь болно гэж заасан байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд 15 орд байгаа ч МАНАН бүлэглэл цөлмөөд дууслаа. Үлдсэн ордыг ард түмэндээ өмчлүүлэх эл хуулийн төслийг бид ялалт байгуулж, М.Энхболдыг огцорсон өдрийн маргааш батлах болно. Энэхүү хуулийн төслийг батлахгүй бол биднийг ч Монголын ард түмэн зайлуулах эрхтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл, ядуурал, тэгш бус байдал нь М.Энхболдыг хотын дарга байх цагаас эхлэлтэй.  Тэрээр нийслэлийг газрын наймааны талбар болгосон. Бид Газрын тухай хуулийг шинээр боловсруулж барилгын болон бусад зориулалтын газрыг иргэнээр дамжуулж олгодог болгохоор төлөвлөж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж 2013 онд шүүхийн шинэчлэл гэх нэрийдлээр Монголын бүх шударга шүүгчдийг нэг дор ажлаас халсан. Хамгийн сүүлд 2017 онд ерөнхийлөгчийн суудлаас буухдаа үндсэн хууль зөрчиж одоогийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хуулийн Цэцээр баталгаажуулан улираан томилж бүлэглэлийнхээ хамгаалалтын ханыг босгосон. Түүнчлэн хуулийн байгууллагын удирдлагыг 6 жилээр томилсон. Одоо ТЕГ-ын дарга, УЕПГ-ын дарга нь бизнесмэнүүдээ айлган дээрэмддэг тогтолцоотой болсон. Гадны хөрөнгө оруулагчдыг айлгаж хөрөнгийг авдаг тогтолцоог бий болгосон. 

УИХ-ын дарга 76 гишүүний  адилаар нэг саналын эрхтэй, шударга ёсны төлөө ажиллах ёстой. Тэрээр 60 тэрбумын ярианд оролцсондоо харамсаж буйгаа илэрхийлж МАН-ын хяналтын хороонд өргөдлөө бичиж өгсөн байдаг. Тэгвэл ЭХЭМҮТ-ын төвийн хашаанд эмэгтэй төрсөн хэргээр  тус эмнэлгийн дарга нь өөрөө ёс зүйн харуцлага хүлээж ажлаа өгсөн. ЗТХЯ-ны сайд нар ёс зүйн хариуцлага хүлээсэн. Гэтэл М.Энхболд хариуцлага хүлээхгүй байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Би өнөөдөр УИХ даргад “мессеж” бичиж үлдээлээ. “Та Монгол төрийн урвагчаар дуудуулсан Эрдэнэ шанзав Г.Бадамдорж шиг үр хүүхдээрээ 100 жил хараалгах вий” гэж сануулж бичлээ” гэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Бид Төрийн ордон руу орж М.Энхболдод 48 цагийн дотор огцрох өргөдлөө өгөхийг шаардана. Хэрвээ бидний шаардлагыг хүлээж авахгүй, цаашид албан тушаалдаа үлдэх юм бол эсэргүүцлээ орон даяар өрнүүлж, том давалгаа эхлүүлнэ. Цаашид суулт хийж, тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно. Гэхдээ Монголын ард түмэн бид эвтэй найртай энэ асуудлыг шийдэх ёстой. Тийм учраас эмх замбараагүй байдал гаргахгүй,  Төрийн ордон руугаа дайрахгүй, бие биетэйгээ хүндлэлтэй хандаж, төрийн цагдаагаа хүндлэх ёстой. Харин тэр хүн ард түмнээ хүндэлж хариуцлагаа ухамсарлах ёстой” гэв.

Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ