Афганистаны ерөнхийлөгчийн сонгуулийг 3 сараар хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАБУЛ. /BBC/. Ирэх оны
дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан Афганистаны Ерөнхийлөгчийн
сонгуулийг гурван сараар хойшлуулсан тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны
төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв.
“Ерөнхийлөгчийн сонгууль 2019 оны долдугаар сарын дундуур юм уу наймдугаар
сарын эхээр болно” гэж Сонгуулийн ерөнхий хорооны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Сонгуулийн хугацааг хойшлуулах болсон шалтгаан нь нэр дэвшигчдийн олонхи нь
бүртгэлийн шаардлагыг хангаагүй ба хаврын улиралд тус улсад цаг уурын нөхцөл
байдал хүндэрдэг нь сонгуулийн кампанит ажлын баг үйл ажиллагаагаа явуулахад
хүндрэл үүснэ гэж үзсэнтэй холбоотой юм.
Афганистанаас АНУ-ын олон мянган цэргийг гаргах шийдвэр гарснаас хэдхэн
хоногийн дараа энэхүү мэдэгдлийг хийсэн юм. Америкийн олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Афганистан дахь 7000 орчим цэрэг буюу тус
улсад алба хашиж буй нийт Америк цэргийн тэн хагасыг ойрын хэдэн сарын хугацаанд
гаргах ажээ.
Энэ долоо
хоногийн даваа гарагт Афганистаны Олон нийтийн үйл ажиллагааны яаманд
зэвсэглэсэн этгээдүүд халдлага болон дэлбэлэлт үйлдсэний улмаас 43 хүн амиа алдсан
юм. “Халдлага болох үед Иран болон “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчид яриа
хэлэлцээ хийж байсан” гэж Ираны Аюулаас хамгаалах хүчнээс мэдээлсэн байна.
Мөн энэ
оны 10 дугаар сард Афганистанд болсон парламентын сонгуулийн үеэр “Талибан” болон
“Лалын улс” бүлэглэлийн босогчид удаа дараа халдлага үйлдэж, олон зуун хүнийг
хохироосон нь ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах болсон шалтгаануудын нэг
ажээ. Парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр нийт 10 нэр дэвшигч амь
үрэгдсэн юм.