Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-21 16:40:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6-д хүн амыг “Баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах” гэж тусгасан байдаг.

Дээрх зорилтын хэрэгжилтийн талаар БОАЖЯ-нд болсон Ус, ариун цэврийн Ажлын хэсгийн хамтарсан уулзалтанд “Усны бодлого, төлөвлөлтийг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах нь” сэдвээр судлаач Д.Гантигмаа, “Ус ашиглалтын үр ашгийг тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулах аргачлал” сэдвээр Усны барилга байгууламжийн инженер Ш.Ганзориг нар танилцуулга хийлээ. 

Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, “Монголын усны түншлэл” ТББ-аас зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ, МХЕГ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан болон эрдэмтэн судлаач, ТББ-уудын төлөөлөл оролцож, “Нийт хүн амыг усны нөөцийн тогтвортой менежмент, хүртээмж, ариун цэврийн байгууламжаар хангах” зорилгын хүрээнд үндэсний хэмжээнд дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, үнэлгээ, дүгнэлт өгч, цаашдын чиглэлийг тодорхойллоо. Мөн БОАЖЯ-ны захиалгаар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2017-2018 онд гүйцэтгэсэн ажлуудын үр дүнг хэлэлцэв.



Тодруулга: НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны чуулганаар Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг баталж, дэлхий  нийтээрээ 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг батлан ажиллаж байгаа билээ.


Б.Болд

Холбоотой мэдээ