Битүү дээвэртэй ордонгүй мөсний хоккейн баг тамирчдаа урамшуулъя

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-20 12:38:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Оны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно 2018”-д “Оны шилдэг спорт тоглоомын баг” номинацид Монголын мөсний хоккейн шигшээ баг нэр дэвшээд байгаа билээ.


Монголд хоккейн спорт социалист нийгмийн үеэс л хөгжсөн түүхтэй ч хувцас хэрэгсэл, талбай, мэргэжлийн дасгалжуулагч дутмагаас одоогоор дэлхийд томоохон өрсөлдөгч болж чадаагүй явна. Харин энэ бэрхшээлийг үл ажран монголын олон зуун залуус хоккейн спортыг шимтэн сонирхож, энэ спортоор хасах 10-30 хэмийн хүйтэнд мөсөн талбай /каток/ дээр хичээллэж, уралдаан тэмцээн зохион байгуулж, тивийн хэмжээнд өрсөлдөж байгааг онцлох ёстой. Тэдний гаргасан амжилт нь яах аргагүй энэ шагналын эзэн байх шалгуурт нийцсэн хэд хэдэн амжилтаас энд онцлон дурдаж байна.


Энэ оны 4 дүгээр сард Монголын шайбтай хоккейн баг тамирчид “Азийн цомын тэмцээн-2018” /Asian challenge cup-2018/-д ес дэх удаагаа оролцон дөрвөн тоглолтод гуравт нь хожиж есөн оноотой тус тэмцээний тэргүүн байрт шалгарч алтан цом, алтан медалийн эзэн болсон билээ.


Тухайн үед тус багийн ахлах дасгалжуулагч А.Мэргэн montsame.mn өгч байсан ярилцлагаас хэсэгчлэн толилуулъя.

-Юуны өмнө манай хоккейн тамирчид өндөр амжилт гаргаж, алтан цомын эзэд болсонд баяр хүргэе. Манай хоккейчид энэ тэмцээний өмнө тэндхийн мөсөн талбайд бэлтгэл хийж амжсан уу?

-Баярлалаа. Энэ жилийн хувьд манай баг тамирчид зардлын асуудлаас болж тэмцээн болох газарт урьдчилан очиж мөсний бэлтгэл хийж амжаагүй хэдий ч ийм амжилтад хүрч чадлаа. Мөн Монголд хоккейн шигшээ баг байхгүй тул тамирчид ажлаа хийхийн хажуугаар тэмцээн уралдаанд оролцож, залуус маань ёстой бор зүрхээрээ л энэ өндөр түвшний багуудыг хожиж чадсан нь гайхамшигтай. Филиппин улс гэхэд 110 сая хүн амтай халуун орон хэдий ч битүү дээвэртэй хоккейн мөсөн талбай бүхий 4 ордонтой байна. Мөн Кувейт, Тайланд, Сингапур ч адилхан битүү дээвэртэй өвлийн спортын ордонтой. Үүнээс гадна өндөр зэрэглэлийн мэргэжлийн дасгалжуулагчийг Швед, Канад, Финланд, ОХУ-аас авсан байдаг. Харин манай тамирчид мөс хайлсан 6-7 сард бэлтгэл сургуулилт хийх боломж байхгүй. Хэрвээ өвлийн спортын ордонтой бол манай залуусын амжилт дэлхийн түвшинд хүрэх боломж байгаа нь бидний энэ гаргасан амжилтаас тодорхой харагдаж байна хэмээн онцолж байсан юм.


Тэрбээр, Монголд 1970-1980-аад онд хуучин ЗХУ-ын мэргэжилтэн олноор ажилладаг байв. Тэр үеэс л Улаанбаатар, Эрдэнэт, Багануур, Шарын гол зэрэг суурин газруудад тэд болон монголчууд мөсөн каток байгуулаад л том, багагүй хамтдаа хоккей тоглодог байсныг мэдэх хүн цөөнгүй бий. Энэ сайхан уламжлал л өнөөдрийн энэ амжилтыг үзүүлэхэд их нөлөөлсөн. Оросын алдартай хоккейчдын тоглолтыг тухайн үед телевиз, зурагтаар /орбит суваг/ байнга үздэг байлаа. Одоо ч үзэж байна. Бид ахмад үеэсээ л их зүйлийг сурсан даа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг. Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн.


Харин Олон улсын хоккейн холбооны заавал хангасан байх ёстой техникийн шаардлага гэж байдаг. Энэ нь тухайн улс 500 үзэгчээс дээш суудалтай Өвлийн ордонтой байх учиртай. Монголд өвлийн битүү ордон байдаггүй. Өвлийн ордонтой болчихвол ч бидний ирээдүй маш гэрэл, гэгээтэй харагдаж байгаа шүү. Биднийг байнга дэмжиж ирсэн үе үеийн хоккейчид, ахмад үеийнхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн эртнээс дэмжиж ирсэн “Ээрмэл” ХК, “Моннис” ХХК, болон “Эрдэнэт тээвэр зууч” ХХК,  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр, /Очир-Лхам/, Шарын гол ХХК /Б.Батбаатар/, “Базальт” ХХК, “Баласт” ХХК, МХХ-ны ерөнхийлөгч Б.Жавхлан, Хүндэт ерөнхийлөгч Д.Даваасамбуу зэрэг олон байгууллага, хамт олон, хувь хүмүүст баг тамирчдыхаа өмнөөс талархалаа илэрхийлье хэмээн ярьж билээ.

Тиймээ, манай улсад битүү дээвэртэй өвлийн ордон баригдвал хоккейн спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд залуус олон байгаа юм. Монголын хоккейчдын амжилтын буухиа үргэлжилсээр байна.

Хэдхэн хоногийн өмнө Малайзын нийслэл Куала-Лумпур хотод зохион байгуулсан олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртсэн билээ. Тус тэмцээнд нийт найман баг хоёр хэсэгт хуваагдсан өрсөлдсөн байна. Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезийн багтай хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга болсон байна.


Монголын мөсний хоккейн баг тамирчид ирээдүйд эх орондоо битүү дээвэртэй ордонд тоглож, бэлтгэлээ базааж, тэмцээн уралдаанаа зохион байгуулж өнөөгийн энэ амжилтуудаа улам ахиулан өндөр амжилт гаргах бүрэн боломж байна.  

Холбоотой мэдээ