У.Хүрэлсүх: МАН-ын бага хурлаас шударга ёсыг тогтоох шийдвэр гарна гэдэгт итгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-19 16:17:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын 28 дугаар Бага хуралд тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавилаа.

Тусгаар тогтнолын ордонд 11.00 цагт хаалттай горимоор эхэлсэн МАН-ын 28 дугаар Бага хурал түр завсарлав.

Тус хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавилаа. Тэрбээр “Ард түмнээсээ ангижирсан нам мөхдөг юм. Ард түмнийхээ хүсэл бодол, итгэл үнэмшил, хүлээлтийг сонсож мэдэрч, тэрэнд нь тохирсон арга хэмжээ авч чаддаггүй улс төрийн хүчин мухардалд ордог. Олон өөрчлөлтийг цаг алдалгүй хийх хийхгүй бол бидэнд одоо цаг, хугацаа алга. Ардын нам олигархуудын биш. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын намын толгойд гарч хууль бус зүйл хийж байгаа тул хариуцлагын асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс олон бий. М.Энхболд даргад хийж бүтээсэн зүйл байгаа. Гэхдээ 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн намын дарга нар төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох төлөвлөгөө боловсруулсан нь нийтэд ил болсон. Тиймээс М.Энхболд даргыг өөрөө өргөдлөө өгөөсэй гэж хүсч байна. Би намын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа хойш МАНАН үнэхээр бодитой байдаг юм байна гэдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Энэ хурлаас намынхаа 200 мянган гишүүн, Монголынхоо 3 сая иргэнд итгэл найдвар өгсөн, шударга ёсыг тогтоох шийдвэр гарна гэдэгт итгэж байна” гэлээ.

Дараагаар нь Бага хурлын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ.


Liveenkhbold

Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд: “Би УИХ-ын 2016 оны сонгуулиар би энэ намд 65 суудал авч ирсэн. Орон нутгийн сонгуулиар 20 аймаг, 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгууллаа. Түүнчлэн “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллага дөрвөн удаа шалгаж, хэрэгсэхгүй болгосон. УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш.  ЖДҮХС-гийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж, өргөдлөө өгөөд явахыг би буруу” гэлээ.



Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “2012 онд Ардчилсан нам ялалт байгуулсан хариуцлагагүй ажиллаж, иргэдийн итгэлийг алдсан. Тиймээс ард түмэн улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Бид ч эв найрамдалтай ажилласны хүчинд ялалтад хүрсэн. Тиймээс өнөөдрийн хурлын дараа М.Энхболд, У.Хүрэлсүх нар ойлголцож, нэгдээсэй гэж хүсч байна.



УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын хуулиас гадна ёс зүй гэж бичигдээгүй хууль гэж байдгийг ойлгох хэрэгтэй. Мөн Бага хурлын гишүүд ч үүнтэй санал нэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Ийнхүү тус намын Бага хурал 15.30 цагт түр завсарлав.

Холбоотой мэдээ