Иргэдийн санхүүгийн боловсрол ядуурлыг бууруулахад нөлөө үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-19 16:59:27

Ховд/МОНЦАМЭ/ Санхүүгийн зохицуулах хороо, Ховд  аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ”Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх аян”-ы хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, иргэдийн хувийн санхүүгээ зохистой удирдах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд санхүүгийн зах зээл дэх төрийн зохицуулалт, өнөөгийн төлөв байдал, хөрөнгө оруулалт ба үнэт цаасны зах зээл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох аргачлал, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа, санхүүгийн хэрэглэгчийн хамгаалал, маргаан шийдвэрлэх үйл явц, оролцогчдын эрх үүрэг, санхүүгийн луйвар, бичил санхүүгийн байгууллагын үүсэл, хөгжлийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв.

Иргэдийн санхүүгийн мэдлэг сайжрах нь эдийн засгийн бодит өсөлт болон ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэй бөгөөд сургалтын үр дүнд хэрэглэгчид, санхүүгийн үйлчилгээний салбар, бусад санхүүгийн зохицуулах үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа өргөжих, санхүүгийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэх, санхүүгийн залилан, мэхлэлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо өсөх давуу талтай гэж зохион байгуулагчид  хэллээ.

 

Холбоотой мэдээ