Жирэмсэн эх, 0-5 насны хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт амраана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч буй жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдийг ээжийнх нь хамт цэвэр агаарт амраах асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ, “Ерөнхий сайдаас
жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг утааны улиралд Улаанбаатар
хотын ойр байгаа амралт, сувилалын газарт амраах асуудлыг судлах үүрэг өгсөн. Үүний дагуу
өнөөдөр холбогдох саналаа боловсруулж, Засгийн газарт танилцууллаа. Нийслэлийн
агаарын бохирдолд ихтэй бүсүүд буюу Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэгт нийт 50 мянган хүүхэд, 11 мянган жирэмсэн эх
бий. Эдгээр хүмүүсийг энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны
хооронд дунджаар 5 хоног цэвэр агаарт амраахад нийт 8 тэрбум төгрөг шаардлагатайгаас
нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн
халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг баасан гарагт Засгийн
газрын ээлжит бус хуралдаан зарлаж, эцэслэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдөр
Сангийн яам, ЭМЯ болон ХНХЯ хамтран тогтоолын төсөл боловсруулах болно. Эхний
ээлжинд агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн болон бага насны
хүүхэдтэй ээжүүдийн тоог нарийвчлан гаргана. Хоёрдугаарт, ЭМДС болон НХС-тай хамтран ажилладаг амралт, сувилалын газруудын тоог гаргах юм”
гэлээ.
Мөн хуралдаанаар жирэмсэн ээж болон 0-5 насны хүүхддэд хүчил төрөгчийн
коктель өгөх санал яригдсан байна. Гэвч энэ нь үр дүнгүй арга хэмжээ хэмээн
үзжээ.