Жилд дунджаар 15-17 мянган хүн гадны нөлөөгөөр амь насаа алдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, ЦЕГ хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.12.18/ Төрийн ордны Их танхимд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр, “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм. “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна” хэмээв.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.
Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн гаднын шалтгаан нөхцлөөс үүдэн амиа алдаж байна. Цагдаагийн байгууллагын тоо баримтаас үзэхэд жилд 250-300 хүн бусдын гарт, 2 мянга гаруй хүн золгүй байдлаар амь насаа алдаж байна. Харин 600-700 орчим хүн амиа хорлож байгаа статистик мэдээ байгааг албаныхан хэлж байлаа. Золгүй байдлаас амь насаа алдах нь хамгийн өндөр хувьтай байгаа нь үйлдвэрлэлийн осол, бичил уурхайнуудын асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй зэрэг нөхцөл байдлаас болдог байна. Мөн амиа хорлох тохиолдол өндөр хувьтай байгааг бодолцох цаг болсныг онцолж байв.
УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа, “Судалгаагаар амиа хорлосон хэгийн тохиолдлын 40 хувь нь хөнгөн болон хүнд хэлбэрийн согтолттой байсан. Гэтэл 21 хүртэлх насны залуус цоо эрүүлээр амиа хорлох үйлдэл хийж байгаа нь эмзэглэлтэй. Амиа хорлосон хүмүүсийн 33 хувь нь өмнө нь энэ төрлийн оролдлого хийсэн байдаг. Эдгээр тохиолдлуудад тухай бүрт нь сэтгэл зүйн тусламж үзүүлж, амь насыг нь аврах боломж байсан. Өрхийн эмнэлэг, ЕБС, албан байгууллага гээд бүх газарт сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг мэргэжилтэн байхгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ЕБС-иас эхлээд сэтгэлзүйч ажиллуулж, өрхийн эмнэлэгээр сэтгэл санааны байдлыг хянуулж байх шаардлагатай” гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, , ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ зэрэг байгууллагын удирдлага, алба хаагч нар оролцов.