Агаарын бохирдол нийслэлд Телевизийн орчимд хамгийн их байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-18 09:38:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ 12-р сарын 17-ны өдөр буюу өчигдрийн байдлаар нийслэл хотод агаарын бохирдол МҮОНРТ-ын орчимд хамгийн их байв.

Нийслэл Улаанбаатар хотод Нисэх, Толгойт, МҮОНРТ зэрэг 11 байршилд агаарын бохирдлын чанарыг хэмждэг. Ингэхдээ агаарын чанарын индекс 0-50 гэх үзүүлэлтийг зааж байвал агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 бол агаар цэвэр боловч зарим бохирдлын нөлөөнд хэт эмзэг хүмүүс өртөж болно. 101-250 бол бага зэргийн бохирдолтой, хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. 250-400 дунд зэргийн бохирдолтой. Нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд агаарын чанарын үзүүлэлт 401-ээс дээш заавал маш их бохирдолтой буюу нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг.



Тэгвэл 12-р сарын 17-ны оройн 23 цагийн байдлаар агаарын чанарын үзүүлэлт МҮОНРТ орчимд хамгийн их буюу 375 зааж байлаа. Энэ нь хэдийгээр дунд зэргийн бохирдолтой гэх үзүүлэлт боловч цаг агаар дулаахан байгаатай холбоотой байна. Өнгөрсөн жилийн өдийд хүйтний хэм -20-30 градус хүрэх үед агаарын бохирдол 1700 хүрч хэвийн хэмжээнээс 17-18 дахин их болж байжээ.

 

 

 

Холбоотой мэдээ