А.Айбек: Баян-Өлгийн татвар төлөгчид орон нутгийн төсвийн 33 хувийг бүрдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-17 13:01:21

    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Татвар болон түүний ач холбогдол, 2018 оны татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар аймгийн Татварын хэлтсийн Татварын орлого бүрдүүлэлтийн тасгийн дарга А.Айбектэй ярилцлаа. 


    - Татвар гэж юу вэ?

 

    - Татвар гэдэг нь хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүй улс, орон нутгийн төсөвт оруулж буй мөнгөн хөрөнгө юм.

 

    - Ард иргэд яагаад татвар төлөх ёстой вэ?

 

    - Татвар нь улс орны төсвийг бүрдүүлдэг бөгөөд нэг үгээр аюулгүй байдлыг хангадаг гэж хэлж болно. Тухайлбал, бид бүхний үр хүүхдийн суралцаж буй сургууль, цэцэрлэгийн байрнаас өгсүүлээд багш, ажилчдын цалин, халаалт, цахилгааны төлбөрийг татварын мөнгөөр төлдөг юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин, халамжийн тэтгэвэр, тэтгэмж мөн адил татвар төлөгчдийн мөнгөөр олгогддог. Монгол Улсын төсвийн 80 орчим хувийг татварын орлогоос бүрддэг юм. Үндсэн хуулиар иргэн бүр хуулиар ногдуулсан албан татвараа төлөх үүрэг хүлээдэг юм. 

 

    - Зарим  хүмүүс хүүхэд хорвоод мэндэлсэн цагаас эхэлж живх, өлгий худалдаж авах зэргээр татвар төлж эхэлдэг хэмээн тайлбарлаж байна. Энэ нь хэр зэрэг үндэслэлтэй вэ?

 

    - Бараг үндэслэлтэй. Яагаад вэ гэвэл, шинээр төрсөн хүүхдэд өлгий худалдаж авах нь нэмэгдсэн өртөг шингэсэн бараа худалдаж авлаа гэсэн үг юм. Барааны үнэ дотор татвар орж байгаа гэж ойлгож болно. Шууд бус утгаар хүүхэд төрсөн цагаас эхлэн насан эцэс хүртлээ татвар төлдөг гэсэн ойлголт зөв юм.   

 

    - Монгол Улсын иргэн албан ёсоор хэдэн наснаасаа татвар төлж эхэлдэг вэ?

 

    - Иргэд иргэний үнэмлэхээ авснаас хойш татвар төлөх эрхтэй болдог.  

 

    - Төсвийн мөнгийг татвар төлөгчдөөс цугласан мөнгө гэж ойлгож болох уу?

 

    - Тэгж хэлж болно. Ард иргэд бол эцсийн хэрэглэгч тул татвар ногдсон бараа хэрэглэж байгаа. Иргэд өдөр тутмын амьдралд хэрэглэдэг чүдэнз, саван худалдаж авах, машиндаа түлш хийхээс эхлээд аливаа худалдан авалт хийх бүрт шууд бус хэлбэрээр татвар төлж байдаг.

 

    - Иргэдийн төлсөн татварын мөнгө хаана төвлөрдөг вэ?

 

    - Иргэд татвараа улс, орон нутгийн гэж хоёр хувааж төлдөг. Нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, авто тээврийн агаарын бохирдлын татвар, онцгой албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татвар зэрэг нь улсын татварт, бусад нь орон нутгийн татварт хамаарна. 

 

    - Баян-Өлггий аймагт татвар төлөгчөөр бүртгүүлсэн хэдэн иргэн, аж ахуйн нэгж байдаг вэ?

 

    - Манай аймагт 20646 иргэн, аж ахуйн нэгж татвар төлөгчөөр бүртгүүлсэн. Үүнээс төсөвт байгууллага, компани, төрийн бус байгууллага, хоршоо, сан, олон нийтийн байгууллага гээд 1850 аж ахуйн нэгж байна.

 

    - Баян-Өлгий аймгийн татвар төлөгчид орон нутгийн төсвийн хэдэн хувийг бүрдүүлж байна?

 

    - Манай орон нутгийн төсөв 21 тэрбум орчим төгрөг байдаг. Үүнээс найм орчим тэрбум төгрөг буюу 33 хувийг нь аймгийн татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр  бүрдүүлдэг. Харин үлдсэн хэсгийг нь санхүүгийн дэмжлэг хэлбэрээр улсаас авдаг. Одоогийн байдлаар аймгийн таварын хэлтэс улсын төсөвт 1,8 тэрбум төгрөг оруулж төлөвлөгөөгөө 19,7 хувиар, орон нутгийн төсөвт 7,9 тэрбум төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 13,2 хувиар тус тус давуулан биелүүлээд байна.     

 

    - Төрөөс ямар тохиолдолд иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг вэ?

 

    - 2015 онд Өршөөлийн хууль гарч нэлээн компаниудад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлсэн байгаа. Хувь хүний анх удаа орон сууц худалдаж авсан буюу барьсан нөхцөлд, хүүхдээ гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцуулсан тохиолдолд хувь хүний орлогын албан татвар төлж байгаа иргэд татварын буцаан олголт авах эрхтэй байдаг. Үүнд бол 30 сая хүртэлх төгрөгөөр барьсан байшингийнхаа нийт өртгийн 10 хувь, мөн төлсөн сургалтын төлбөрийн 10 хувийг тус тус буцаан авах юм.

 

    - Аймгийн хэмжээнд хэчнээн иргэн, аж ахуйн нэгж баримт олгож байна?

 

    - 2016 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болсон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар аймгийн хэмжээнд томоохон арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа. Тус хуулийн дагуу борлуулалт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгж болгон пост машин тавьж, баримт олгох үүрэгтэй. Одоогийн байдлаар борлуулалтын орлого нь 50 саяас дээш буюу 213 НӨАТ /нэмэгдсэн өртгийн албан татвар/ суутган төлөгч байгаагаас бүгд и-баримт олгож байна. Харин НӨАТ суутган төлөгч биш 1490-ийн 853 нь пост машинаар иргэдэд үйлчилж байгаа юм.

 

    - Баримт олголт сумдад ямар түвшинд байна?

 

    - Цахим системийн хөгжил сумдад аймгийн төвтэй харьцуулахад нэг шатаар хоцорч явна. Гэсэн хэдий ч хуулийг мөрдөг үүрэгтэй. Өнгөрсөн долдугаар сард Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас пост сумдад пост машин тавих асуудлыг зохион байгуулсан. Бидний зүгээс ч  холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ