Монголбанк нийт 20 тонн алт худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-16 15:36:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/Энэ онд 22 тонн алт авахаар төлөвлөсөн Монголбанк энэ сарын 13-ны байдлаар нийт 20 тонн алт худалдан авчээ. Өнгөрөгч 11 дүгээр сард Төвбанк 1.2 тонн алт, энэ оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан нь 2017 оны хэмжээнд хүрээд байв. Тэгвэл 12 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар нийтдээ 19.8 тонн алт худалдан авсныг өмнөх оны мөн үед Монголбанк 19.2 тонн алт худалдан авч байсантай харьцуулахад алт нийлүүлэлт 3.4 хувиар нэмэгджээ.

Алт худалдан авалтын дүн өмнөх оноос давж биелсэнийг 10 дугаар сард аймаг орон нутагт ашиглалтад орсон алтны сорьц тогтоох лаборатори бүхий худалдан авах нэг цэгийн төвтэй болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг 107 кг, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус худалдан аваад байна.

Монголбанк энэ оны 6 дугаар сарын 4-өөс 10 дугаар сарын 30 хүртэл “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа!” аян зохион байгуулсан. Энэ нь: Алт худалдан авах үйл ажиллагааг өргөжүүлэх,

  • Хариуцлагатай уул уурхайг дэмжиж, төрийн болон ТББ-ын уялдаа холбоог сайжруулах,
  • Үнэт металлын сорьцын хяналтын газраас алтны сорьцыг онлайн горимд хүлээн авч алт тушаалтын цаг хугацааг хэмнэж эрсдлийг бууруулах,
  • Алтны олборлолт, сорьц тогтоолт, үнэ, ханшын тогтолцооны талаарх мэдээллийг иргэдэд хүргэж ил тод байдлыг нэмэгдүүлэх,
  • Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой байв. 
Холбоотой мэдээ