Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-07 14:41:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед жижиглэнгийн үнийг буулгах чиглэл хүргүүлсний дагуу өнөөдрөөс эхлэн шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа хэмээн  УУХҮЯ-аас мэдээллээ.

 Цаашид шатахууны үнэ үе шаттайгаар  буурахыг салбарын яам мэдэгдсэн юм. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчлөөс шалтгаалан 2018 оны эхнээс эхлэн өсч байсан боловч энэ оны 10 дугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. 11 дүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.

Мөн ОХУ-ын “Роснефть” комданиас нийлүүлж буй шатахууны энэ сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 82-148 ам.доллараар буурч, Аи-92   автобензин 617 ам.доллар/тн, дизелийн түлш  706 ам.доллар/тн болоод байна.



Холбоотой мэдээ