Жимс, жимсгэнэ тариалагчид зах зээлээс эхлээд олон бэрхшээл байгааг ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-04 20:56:27


   Увс /МОНЦАМЭ/. Баянхонгор, Увс, Сэлэнгэ, аймгуудад хэрэгжиж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тогтвортой хүнс хөдөө аж ахуй төслийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт Увс аймагт хүрэлцэн ирж, жимс жимсгэний тариалалт эрхэлдэг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо.

Жимс, жимсгэний чиглэлээр тариалалт, үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэж хамтын хүчээр ажиллах, дундын хоршоо, нөхөрлөл байгуулах замаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэх тал дээр нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах шаардлага байгааг энэ үеэр онцолсон юм. Увс аймгийн хувьд бусад аймгуудтай харьцуулбал сүүлийн үед жимс, жимсгэний салбарт ахиц дэвшил гарч байгаа боловч тариаланчдад зах зээлээс эхлээд тулгамдсан асуудал их байгаа аж.

“Увс аймагт жимс, жимсгэний салбар сүүлийн жилүүдэд эрс хөгжиж байгаа ч тариалалт, борлуулалтын хувьд нэгдмэл зохион байгуулалт байхгүй, нэг төрлийн таримлыг жил дараалан тариалдаг, хөрсийг шимт тэжээлийн бодисоор бордож чадахгүй байгаа гэх мэт бэрхшээл байгаа. Иймээс тус салбарын үйл ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах, олон улсын зах зээлд нийлүүлэх боломжийг эрж хайх шаардлагатай байна” хэмээн чацаргана тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хэт цах” хоршооны дарга Б.Хөхөө энэ үеэр хэллээ.

 

Холбоотой мэдээ