Номин сүлжээ дэлгүүр баталгаажсан малын мах борлуулж эхлэв

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-03 10:25:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Номин сүлжээ дэлгүүр "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-нд нэгдэж эрүүл, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан мах өнгөрсөн баасан гарагаас /2018.11.30/ худалдаалж эхлэв.

Арга хэмжээний хүрээнд бүтээсэн "Мал эмнэлгийн гэрчилгээ" аппликейшныг гар утсандаа суулгаснаар лангуун дээрх махны "QR" кодыг уншуулж гарал үүслийг нь мэдэх боломжтой аж.

Энэхүү арга хэмжээний онцлог нь малын өвчлөл бүртгэгдээгүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамарсан, эмийн үлдэгдэлгүй нь баталгаажсан, шаардлага хангасан үйлдвэрийн орчинд нядалж, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн махыг хэрэглэгчдэд хүргэж байгаа юм.



"Энэхүү гарал үүсэл нь баталгаажсан, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, чанар, стандартын шаардлага хангасан махыг "Номин Тав трейд ХХК" зөвхөн хүнсний сүлжээ дэлгүүртээ нийлүүлээд зогсохгүй "Шоколадница" сүлжээ рестораныхаа хоол хүнсэнд хэрэглэж байгаа гэв. Мөн дээрх арга хэмжээнд хамрагдаж байгаа нь иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа үйлдэл бөгөөд бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг арга гэж үзэж байгаагаа" "Номин тав трейд" ХХК-ийн Үйлчилгээ, бизнесийн салбарын борлуулалт, маркетингийн менежер Б.Батбаяр хэлэв. 

Тэрбээр, "Эл загвар арга хэмжээний явцад мал эмнэлгийн үйлчилгээнд хамарсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулав. Арга хэмжээг хэрэгжүүлснээр цаашид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, гарал үүслийг баталгаажуулах тогтолцоог өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж илүү бодитой болно. Түүнчлэн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох шийдвэр, эрхзүйн баримт бичгийг боловсруулж, батлуулна" гэв.

Загвар арга хэмжээний хүрээнд баталгаажсан махыг бэлтгэх, тээвэрлэх, худалдаалах байгууллагуудын зах зээлийн төлөвлөгөөг Хөдөө аж ахуй бирж гаргах юм.



Энэ талаар Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, "Манай бирж өмнө нь зөвхөн ноос ноолуурын арилжаа хийдэг байсан бол ийнхүү үйл ажиллагаагаа өргөжүүллээ. Бирж нь уг арга хэмжээний нэг оролцогч тал бөгөөд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж арилжааг төлөвлөнө. Малчдын хоршоо нь биржийн захиалгын дагуу шаардлага хангасан малыг нийлүүлнэ. Нэг ёсондоо Бирж нь малчдын хоршоо, махны үйлдвэрийн хоорондын зах зээлд гүүр болно. Уг ажилд малчдын хоршоодын гүйцэтгэх үүрэг их. Энэ утгаараа өнөөдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хоршооноос шууд буюу ямар нэгэн дундын зуучлал, ченжийн дамжлагагүйгээр биржийн захиалгын дагуу “Номин тав трейд” ХХК-ийн махны үйлдвэрт нийлүүлж байгаа" гэв. 



"Ноимн" сүлжээ дэлгүүрт худалдаалж буй махыг "Мал эмнэлгийн гэрчилгээ" аппликейшнээр шалгахад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын малчин Л.Зундуй гэдэг айлын хотноос "Номин тав трейд" ХХК-ийн "ЗА Махны үйлдвэр"-т бэлтгэн иргэдэд борлуулж байгааг тодруулж өгөв. Тус арга хэмжээний нээлтэд хүрэлцэн ирсэн Малчин Л.Зундуйгаас сэтгэгдлийг сонсов.

Тэрбээр, "ХААБ-ээр дамжуулан хотноосоо малаа борлуулж, Номин худалдааны төвд махаа нийлүүлж байгаадаа баяртай байна. Тэр бүр хотод орж ирж борлуулалт хийж чаддаггүй байсан бол энэ арга хэмжээ хэрэгжсэнээр нийслэлийн иргэддээ мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамарсан, эрүүл бүсээс найдвартай махыг үйлдвэрт бэлтгэн, баталгаа нотолгоотой мах борлуулж байгаагаа өнөөдөр нүдээр үзээд сэтгэл өндөр байна" гэлээ.


Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа 21 аймгийн 332 суманд 1100 орчим хувийн мал эмнэлгийн нэгжээр дамжуулан мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг зураасан код болгон хэвлэдэг болов. Малын эмч нар хавар, намрын тарилга, туулгалтаа хийнэ, 7-21 хоногийн хугацаанд вакцин хийсний дараа малчны хотноос малыг махны үйлдвэрт хүргүүлнэ. Шүлхийн вакцины үлдэгдэл 3-6 сар хадгалагдаж байдаг учраас энэ хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож, үүний дараа эрүүл, аюулгүй махыг дотоодын хэрэгцээнд болон экспортод гаргана. Мөн эмийн үлдэгдлийг малын эмийн сорилт, баталгаажуулалтын лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид тус тус шинжилгээнд хамруулж байгаа учраас эмийн үлдэгдэлгүй, эрүүл мах худалдаалж байгаа гэдэгт итгэлтэй байж болно гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн мэдээллээ.

Холбоотой мэдээ