Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуул зөрчсөн эсэх асуудлыг шалгуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр буюу энэ сарын 28-нд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах
албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн
хуйвалдсан бичлэг нийтэд цацагдсан. Энэ нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн
хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно”
хэмээн заасныг зөрчсөн байна. Түүнчлэн энэхүү асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр
нэр бүхий 26 гишүүн УИХ-ын даргад энэ оны 7 дугаар сард ээлжит бус чуулган
зарлах хүсэлт хүргүүлсэн. Гэвч УИХ-ын дарга тухайн үед нь ээлжит бус чуулган
зарлаж, уг асуудлыг хэлэлцүүлээгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн
гурав дахь хэсгийн “УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар
эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно”
гэснийг зөрчсөн хэмээн Ерөнхий сайд хүсэлтдээ дурьджээ.
Уг хэргийг АТГ шалгаж буй юм. Гэвч АТГ-ын удирдлагыг УИХ-аас томилдог тул “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон одоогийн УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд бодитоор шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.