Архангайн аваргууд шинэ улирлыг хожлоор эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-27 12:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний аварга шалгаруулах 21 аймгийн MNBA үндэсний лиг өчигдөр МҮЭСТО-нд нээлтээ хийлээ.


Багаа улам хүчирхэг болгосон Архангай Алтан Дорнодын дайчид энэ удаад өмнөх жилийн дэд аварга Ховд Шонхорууд багийн эсрэг тоглосон юм. Дайчид энэ улиралд Э.Дөлгөөн, Э.Энхтайван, Ө.Пэрэнлэйжамц (Г.Өсөхбаяр аваргын хүү төрөлх нутгаасаа тоглож байна) нарыг багтаа нэгтгэсэн юм. Харин тэдний хамгийн том сюрприз бол ОУХМ Ц.Азбаярыг багтаа нэмсэн өөрчлөлт байлаа.


Харин тэдний өрсөлдөгч Шонхорууд баг холбогчийн байрлалд М.Даваадорж, Г.Ган-Эрдэнэ нарыг багтаа элсүүлж, лигийн шилдэг хамгаалагч Э.Дорж-Арилдыг бүрэлдэхүүндээ нэмжээ. Өмнөх жилийн финалын тоглолт ийнхүү нээлтийн өдөр эргэн ирсэн юм. Тоглолтын эхний үед Ховд Шонхорууд баг өнгөлөг байж оноогоор илүү байж Г.Цэнгүүнбаярт бэлтгэл сайтай байгаа гэдгээ харуулж 13 оноог эхний үед авсан юм. Харин хоёрдугаар үед Дайчид оноог ердөө хоёр болгож ойртуулсан юм. Хоёрдугаар хагаст өрсөлдөөн ширүүсч тоглолт үзүүштэй болж ирсэн. Тун гайхалтай тоглолтыг толилуулсан хоёр багийн эцсийн үр дүн 103:99-өөр Архангай Алтан Дорнодын дайчдын талд шийдэгдлээ.


Энэ тоглолтод О.Энхбаатар 33 оноо, 13 самбар авч онцгой тоглолтоо гаргасан бол ОУХМ Г.Баттөр 22 оноо, 7 самбар, 12 оновчтой дамжуулалт өгч жигд тоглолтыг үзүүллээ. Мөн ОУХМ Ц.Мэргэн, А.Энхбаясгалан нар 10-с дээш оноог авсан бол эсрэг багаас Э.Дөлгөөн 22 оноо, 8 самбар, 11 оновчтой дамжуулалтаар багаа манлайлж, Г.Цэнгүүбаяр 22 оноо, Э.Дорж-Арилд 10 оноо авлаа.




Өвөрхангай Тэнүүн-Өлзий MNBA 21 аймгийн үндэсний лигийн эхний хожлыг авлаа


“MNBA 21” аймгийн үндэсний лигийн энэ улирлын эхний тоглолт З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех болон Д.Буян-Өлзий эзэнтэй Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо.


Өвөрхангай аймгийн унаган хүү ОУХМ Д.Дэлгэрням төрсөн нутгийнхаа өмсгөлтэй анх удаа талбайд гарсан бол Б.Наранбаатар, А.Гансүх зэрэг тоглогчид ч Өвөрхангай нутгийн төлөө эхний тоглолтоо хийлээ. Харин тэдний өрсөлдөгч Сүхбаатар аймаг ОУХМ П.Болортулга, О.Цэлмэг, Г.Чинбат нарыг багтаа шинээр элсүүлсэн байлаа. Ингээд шүглийн дуу ордонд дуугарч нэгэн шинэ улирал эхэллээ. Нээлтийн тоглолтын салхи хагалсан хоёр баг эхнээсээ л эрч хүчтэй харагдаж байлаа. Тэр утгаараа дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл ойролцоо өрсөлдсөн.




Тоглолтын эхний хагаст Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг 10 оноогоор тэргүүлсэн ч энэ нь найдвартай оноо биш байв. Харин III үед Сүхбаатар Альянс тех оноог ойртуулж чадлаа. Гэхдээ өнөө цаг үеийн шилдэг самбарын хослол ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар нарын довтолгоо багаа ялалтад хөтөллөө.


Энэ тоглолтын шилдгээр 23 оноо, 14 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн Д.Дэлгэрням шалгарсан бол Э.Цэрэнбаатар 20 оноо, 12 самбар, 5 оновчтой дамжуулалтыг өгсөн амжилтаар удааллаа. Харин Сүхбаатар аймгаас Б.Батзолбоо 19 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалтыг өгч жигд тоглолтыг үзүүлсэн бол П.Болортулга 14 оноо, О.Цэлмэг 10 оноог авсан байна.

Холбоотой мэдээ