Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүйгээр төсөвт тодотгол хийх шийдэлд хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-23 18:06:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын  чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ. Хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжсэн юм. 

Мөн Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь нь дэмжлээ. 


 Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хоригийн асуудлыг тодотгол хийх замаар шийдье гэж Төсвийн байнгын хороо үзсэн. Төсөв тодотгоно гэдэг бол хуультай. Тэгэхээр 2019 оны төсвийн тухай хуулийг тодотголтой батална гэдэг хэр хуульд нийцэж байгаа вэ. Засгийн газраас санал оруулж ирснээр УИХ тодотгол хийх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: Үндсэн хуулиар УИХ тогтоолоор үүрэг өгсөн бол Засгийн газар биелүүлэх ёстой.Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд төсвийн зохицуулалт хийж болно гэсэн заалт төсвийн тухай хуулинд бий. Үүнийг үндэслэн хоёрдмол ойлголт үүсгэхгүйн тулд хоёр дахь заалтыг оруулсан. Тухайлбал 2018 онд төсвийн орлого нэг их наядаар давж биелж байгаа. 2018 оны төсөвт тодотгол хийх  замаар асуудлыг шийдэх бололцоотой. Гэхдээ Засгийн газар ОУВС-тай  гэрээ байгуулсан учир 2018, 2019 оны төсвийг уялдуулан оныг нь заахгүйгээр тодотгол хийсэн. Нэгдүгээр заалтаар Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хүлээж авахгүй. Харин хоёр дахь заалтаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн зарим хэсэгт үндэслэлүүд байна гэж үзээд 2018 оны төсөвт тодотгол хийх замаар шийдье гэсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг АН хэлэлцэж таван заалт бүхий хоригийг хүлээж авч дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Энэ өөрчлөлт 2019 оны Монголын эдийн засгийн эрсдлийг бууруулах асуудал биш болчихлоо. “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгч нь болж байна. Энэ тогтоолыг баталснаар амьдралд хэрэгжинэ гэдэг худлаа л даа. 2018 онд илүү гарч буй орлогыг энэ онд нь багтаан төсвийн тодотгол хийх замаар Ерөнхийлөгчийн саналыг тусгая гэсэн бол  арай  бодитой болох байв. Тиймээс л  би үүнтэй санал нэгдэхгүй байгаа юм.  


Мөн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбар хийсэн юм. Тэрээр, Улсын төсвөөс бизнесийг дэмжиж  зээл өгдөг явдал бол шинэ зүйл биш. ЖДҮ-ийг дэмжихэд зориулан 200-300 тэрбум төгрөгийг тусгай санд өгч,  тус сан нь 3 хувийн хүүтэй зээл өгөөд явж байгаа. Үүнтэй адил жилийн 3 хувиас хэтрэхгүй зээл авч буй хүнд 5-10 жилийн хугацаатай 500 тэрбум хүртэлх гээд оруулсан байсан. 500 тэрбум  биш 5 тэрбум төгрөг өгчихгүй биз дээ гэж Сангийн яаманд найдахаас өөр аргагүй байдалтай байна. Тиймээс зээлийн эцсийн хүүг заагаад өгөх хэрэгтэй. Тэхгүй бол Засгийн газар 9 хувийн хүүг 3 болгоод дураараа өөрчлөх ч юм бил үү. Тийм учраас УИХ-ын тогтоолд  3 хувийн хүүтэй хамгийн багадаа 5, цаад тал нь 10 жилийн эх үүсвэрийг шийднэ гээд тодорхой болгочих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: “Нэн хөнгөлттэй гэдгээр санал хурааж өгөөч гэж хүсч байна. Нэн хөнгөлөлттэй гэх юм бол Төсвийн тухай хуулиараа 3-5 хувийн хүүтэй л байна гэсэн үг. Түүнчлэн санхүүжилтийн эх үүсвэр гэдэгт зээлийн эх үүсвэр явж байна гэж ойлгож байгаа. Тиймээс төсвийн тухай хуультайгаа үг үсгийг нь уялдуулах шаардлага гарсан гэдгийг  энд хэлэх нь зүйтэй байх.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: Зээл гэдэг үгийг яагаад хассан юм бэ гэхээр 3 болон 1 хувийн хүүтэй зээл өгөөд тухайн үйлдвэр эхний жилүүдэд ашигтай ажиллаж чадахгүй байж магад.  Тиймээс зарим дэд бүтцийг нь төрөөс хийж өгөх хэрэг үүсэх вий гэдэг үүднээс тусгасан. Зөвхөн зээлээр бус улсын төсвийн хөрөнгөөр шийдэх хэрэг гарч мэднэ.  Засгийн газар тухайн үедээ ярьж байгаад аль хэсгийг нь төр хариуцах юм. Аль хэсэгт нь зээл өгөх вэ гэдгийг шийдэх уян хатан томъёоллыг оруулсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 21 аймагт 100 үйлдвэр барих хөтөлбөр бий. 170 гаруй мянган өрхийн үйлдвэрлэж буй мал аж ахуйн түүхий эдэд үндэслэн экспортоо тэлэх, ажлын байр бий болгох гээд тодорхой амлалтуудыг ард түмэнд бид өгсөн.  Монгол Улсын эдийн засаг сэргэж байна. Иймд уул уурхайгаас орж ирж байгаа эх үүсвэрийг мал аж ахуйн салбар руу оруулж үйлдвэр барих хэрэгтэй. Тиймээс хоригийг хүлээж авахгүйгээр Төсвийн тухай хуулинд зааснаар төсөвт тодотгол хийх замаар үүнийг шийдэх бүрэн боломжтой. 

Холбоотой мэдээ