Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг Тегеран болон Анкара хамтдаа сэргээх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-06 10:49:36

ТЕГЕРАН. /Irna/. Ойрхи Дорнодод аюулгүй байдал болоод тогтвортой байдлыг сэргээхийн тулд Тегеран болон Анкара хамтран ажиллах ёстой гэж Иранд айлчилж буй Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгджээ.

“Иран болон Турк зарим асуудлаар өөр өөр саналтай байж болно. Гэхдээ тус хоёр орны түүх хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд газарзүйн хувьд хөрш хоёр улс бие биенээ нөхөн гүйцээдэг. Ойрхи Дорнодод аюулгүй байдал болоод тогтвортой байдлыг сэргээхийн тулд, мөн бүс нутагт гадаадууд нэвтрэхээс урьдчилсан сэргийлэхийн тулд Тегеран, Анкара хоёр хамтран ажиллах ёстой” гэж Давутоглу хэлсэн байна.

Тэрбээр мөн “олон улсын хориг арга хэмжээнд өртсөн байх үед нь Турк Иран улсыг орхиогүй болохыг” онцлон тэмдэглэжээ. “Бид амаргүй хүнд үед иран ах дүүтэйгээ хамт байсан бөгөөд одоогийн нөхцөлд хамтдаа саад бэрхшээлийг даван туулна” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна.

Давутоглу Ираны нийслэл хотод хоёр өдрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр мөн тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад зариф, Ерөнхийлөгч Хасан Роуханитай уулзана.

Туркийн Ерөнхий сайд Тегеранд байх хугацаандаа хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн санамж бичиг болон гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ