Йеменд хоол тэжээлийн архаг дутагдлын улмаас 85 мянган хүүхэд нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2018-11-21 11:15:22

САНА. /BBC/. Гурван жилийн турш иргэний дайн өрнөж буй Йеменд хоол тэжээлийн архаг дутагдлын улмаас тав хүртэлх насны 85 мянга гаруй хүүхэд нас барсан тухай НҮБ-ийн Хүүхдийн сангаас мэдээлэв.


“Энэхүү тоон үзүүлэлт нь Их Британийн хоёр дахь том хот болох Бирмингемийн таваас доош насны бүх хүүхдийн тоотой тэнцэх юм” гэж Хүүхдийн сангийн мэдээлэлд тэмдэглэжээ.


Йеменд 14 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд байна гэж өнгөрсөн сард НҮБ-ээс анхааруулсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Дэлхийн хамгийн аймшигт хямралыг үүсгэсэн дайныг зогсоохын тулд яриа хэлэлцээ өрнөсөөр байгаа юм.


Ираны дэмжлэгтэй хусит босогчид гурван жилийн өмнө Йемений газар нутагт хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгдэж эхэлжээ.


Харин АНУ, Их Британи, Францын дэмжлэг бүхий Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгөх ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ ажиллагаа эхэлсэн үеэс хойш 10 мянга гаруй хүн амиа алдаж, олон сая иргэн орон гэргүй болсон байна.

Холбоотой мэдээ