Шереметьево нисэх онгоцны буудлыг А.С.Пушкины нэрэмжит болгохыг дэмжив

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-12-05 12:45:21
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/.ОХУ-ын томоохон нисэх онгоцны буудлуудыг  Оросын түүхэн хүмүүсийн нэрээр овоглох бүх нийтийн санал асуулгын дүн гарлаа. Санал асуулгаар ОХУ-ын хамгийн том нисэх буудал болох Шереметьевог Оросын алдарт зохиолч А.С.Пушкины нэрэмжит болгохыг олон иргэн дэмжжээ.

Оросын түүхийн нийгэмлэгийн санаачлагаар зохион байгуулж буй энэхүү төслийн гол зорилго нь Орос Улсын алдартнуудыг эх орондоо төдийгүй гадаадад сурталчлан таниулахад оршиж буй юм. Онгоцны буудлууд алдартнуудын нэрээр овоглох ч хуучин нэршлээ хадгалан үлдэх аж.

Санал асуулгаар ОХУ-ын хамгийн том нисэх буудал болох Москва хотын Шереметьево олон улсын нисэх онгоцны буудлыг Оросын алдарт зохиолч А.С.Пушкины нэрэмжит болгохыг олон хүн дэмжиж түүний араас эрдэмтэн Д.Менделеев, хөгжмийн зохиолч П.Чайковский, маршал К.Рокоссовский, зохиолч Ф.Достоевский зэрэг алдартнууд жагсчээ. Харин Санкт-Петербург хотын хамгийн том Пулково нисэх онгоцны буудлыг Оросын анхны эзэн хаан Их Петрээр овоглохыг олонх дэмжсэн байна.   

Сар гарны хугацаанд ОХУ-ын 50 гаруй мужийг хамран зохион байгуулсан уг санал асуулгад нийт 5 сая хүн оролцсон бөгөөд иргэдийн сонгосон алдартнуудаар онгоцны буудлыг овоглохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эзэцлэн шийдвэрлэх аж.   

Холбоотой мэдээ