ХЭҮК-ын 21 аймгийн ажилтнууд харилцан туршлага солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-19 11:27:40
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЭҮК-ын 21 аймгийн ажилтнууд өнөөдөр Улаанбаатар хотноо цугларч, харилцан мэдээлэл туршлага солилцох сургалтад хамарч байна.

Энэ сарын 26-н хүртэл үргэлжлэх тус сургалтын хүрээнд ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнууд ШШГЕГ-ын харъяа хаалттай хорих ангиудын үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн сар тутмын  судалгаа,  дүн шинжилгээний үр дүнг хэлэлцэнэ. Түүнчлэн хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг, гомдол, хяналт шалгалт, хууль зүйн зөвлөгөө өгөхтэй холбоотой анхаарах асуудлууд, Цахим хуудаст мэдээлэл оруулан хөтлөх аргачлалыг ХЭҮК-оос танилцуулах юм. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлсэн "Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ:хандлага ба жендэрийн тэгш байдлыг хангах чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах нь” төслийн тайланг хэлэлцэх аж.

ХЭҮК-ын сургалт, сурталчилгаа, гомдол, хяналт шалгалт зэрэг бүхий л ажлыг бие даан явуулах нь хувь хүнээс ихээхэн хөгжүүлэлт шаарддаг тул орон нутгийн ажилтнуудыг нэгдсэн сургалтад удаа дараалан хамруулж, цугларалт зохион байгуулдаг аж.

Дашрамд дурдахад ХЭҮК-ын хамт олон цахим офиссыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийн гомдол, хүсэлт болон албан бичгийг цаг алдалгүй авч шийдвэрлэх болжээ. Өөрөөр хэлбэл цахимаар дамжуулан харилцан мэдээлэл солилцох, хүлээн авах мэдээллийн урсгалыг бий болгосон байна. Ингэснээр албан ажлаа жил, сар, 7 хоног тутмаар төлөвлөн, биелэлтийг газар зүйн байршлаас үл хамааран нэгтгэн дүгнэх боломжийг бүрдүүлжээ. 

Холбоотой мэдээ