“11.11” өдрөөр Алибаба групп 30.8 тэрбум долларын бараа борлуулж дээд амжилт тогтоов

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-16 12:31:35

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын цахим худалдааны тэргүүлэгч Алибаба групп жил бүрийн 11-р сарын 11-ний буюу ганц биечүүдийн өдрөөр барааны үнийг огцом хямдруулж хэрэглэгчдэд бэлэг барьдаг уламжлалтай.Тэгвэл энэ жилийн 11 дүгээр сарын 11-ний өдөр 30.8 тэрбум ам.долларын /213 тэрбум юань/ бараа борлуулж шинэ дээд амжилт тогтоосон бөгөөд мөнгөн дүнгийн нийт хэмжээ өмнөх оныхоос 27 хувиар өсчээ. Энэхүү хямдралын арга хэмжээ нь шөнийн 00:00 цагаас эхлэж 23:59 минут хүртэл үргэлжилдэг юм. Өнгөрсөн жил эхний 3 минут 1 секундэд 10 тэрбум юанийн бараа борлуулж байсан бол энэ жилийн хувьд эхний хоёр минутад л борлуулж амжжээ. Мөн 2014 оны 11.11-ний нийт дүнтэй тэнцэх хэмжээний буюу 57.1 тэрбум юанийн барааг энэ жил эхний 35 минутад борлуулсан байна. Өнгөрсөн жилийн борлуулалт болох 168.2 тэрбум юанийн барааг ердөө л өдрийн 15:49 минутад давсан байна.Алибаба группийн гүйцэтгэх захирал Жан Юн хэлэхдээ “Бид 200 тэрбум юанийн босгыг давж чадсан ч үүнийгөө хөгжүүлж ирээдүйд 300, 500 тэрбум юанийн худалдаа хийх хүсэлтэй байна” гэв.Энэ жилийн хувьд өмнөх жилээс 27 хувиар өссөн боловч 2017 онд өмнөх жилээсээ 39 хувиар өсч байжээ. Энэхүү өсөлтийн удаашралыг  Хятадын дотоодын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой хэмээн шинжээчид дүгнэж байна. Тус группийн ТУЗ-ийн орлогч дарга Цай Чун Шиний хэлж буйгаар энэ жил том оврын цахилгаан барааны борлуулалт сул байсан нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зогсонги байдалтай холбоотой гэнэ. Учир нь шинээр байр худалдан авч буй иргэд цөөн учир том оврын цахилгаан барааны эрэлт сул байжээ.Хямдралын арга хэмжээний үеэр маш олон тооны худалдан авалт хийдэг тул хүргэлтийн хугацаа удаан байдаг зэргээс зарим иргэдэд төвөгтэй санагдах болсон тухай судалгааны дүн гарчээ. Энэ өдөр нийт 1.8 тэрбум захиалга буюу илгээмжийн тоо бүртгэгджээ.Цахим худалдааг 2009 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд анхны жилдээ 500 сая юанийн бараа борлуулж байсан бөгөөд ердөө 27 аж ахуйн нэгж тус өдрөөр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байжээ.

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ