Ноён уултай холбоотой маргааныг анхан шатны шүүхэд шилжүүлэв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-15 11:49:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сентеррагоулд монголия" ХХК-ийн "Ноён" ууланд ашигт малтмал олборлох лицензийг цуцлуулах "Ноён уулаа аврах хөдөлгөөнийн нэхэмжлэлтэй хэргийг өчигдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд хэргийг Анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх уг хэргийг энэ оны 6 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалган шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хэргийг энэ оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт дутуу бүрдүүлсэн үндэслэлээр  дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий байна гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээв.

Холбоотой мэдээ