Террористууд Европт ойрын үед халдлага үйлдэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-04 11:47:39

ВАШИНГТОН. /TASS/. “Аль-Каида”, “Лалын улс” зэрэг бүлэглэлийн хэт давруу үзэлтнүүд Америкийн иргэдийн эсрэг болон гадаадад, тухайлбал, Европт шинээр халдлагууд үйлдэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл АНУ-ын эрх баригчдад байгаа аж. Энэ тухай тус улсын Төрийн департаментын пүрэв гарагт нийтэлсэн дэлхийн террорист аюулын тухай шинэ анхааруулгад дурджээ.

“Лалын улс”, “Аль-Каида” зэрэг бүлэглэлүүд, мөн тэдний сүлжээнүүд Европт ойрын үед халдлага үйлдэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлсээр байгааг баттай мэдээлэл нотолж байна. Европын бүх орон үндэстэн дамнасан террорист байгууллагуудын халдлагад эмзэг хэвээр байна” гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.

Тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, лалын шашинтнуудын бүлэглэлүүдийн нөлөөнд автсан хэт давруу үзэлтнүүд Европт ганцаар  халдлага үйлдэж магадгүй. Тэд тээврийн хэрэгслүүдэд, олон хүн цугласан өөр газруудад “урьдчилан мэдэгдэлгүйгээр” халдлага үйлдэж магадгүй. “Сири, Иракаас эргэн ирсэн “Лалын улс”-ын гишүүн болох европчууд Европт халдлага үйлдэх магадлал өндөр хэвээр байгааг ” мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.

Дэлхийн террорист аюулын тухай өмнөх анхааруулгыг Төрийн департамент өнгөрсөн оны долдугаар сард нийтэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ