Жон Керри Кубад энэ сард хийх айлчлалаа цуцаллаа

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-03-04 10:18:07

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Кубад энэ сард хийх байсан айлчлалаа цуцалжээ. Энэ тухай “Reuters” агентлаг Вашингтон хотоос пүрэв гарагийн орой мэдээлэв.

Тус агентлаг АНУ-ын нэрээ нууцалсан хоёр албан тушаалтны мэдээллийг иш татсан байна. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн алба одоогоор энэ мэдээллийн талаар тайлбар өгөөгүй байна.

Үүний сацуу Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирби АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ойрын ирээдүйд Кубад айлчлах сонирхолтой байгаа гэж мэдээлжээ.

Жон Керри хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Гадаад хэргийн хорооны хуралдаанд үг хэлэхдээ, Кубад ойрын хоёр долоо хоногт айлчилж магадгүй гэж мэдэгджээ.

АНУ, Кубын хоёр талын харилцааг хэвийн болгох бодлогын хүрээнд Керри өнгөрсөн оны наймдугаар сард Гаванад анх удаа айлчилсан билээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишелийн хамт гуравдугаар сарын 21-22-нд Кубад айлчлах бөгөөд энэ нь Америкийн төрийн тэргүүний Карибын тэнгисийн арлын тус улсад сүүлийн 88 жил дэх анхны айлчлал болно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ