Японы хөвгүүд, манай багийг 17:0-ээр хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-17 08:52:00

Mонголын 16 хүртэлх насны шигшээ багийн хөлбөмбөгчид нутгийн дэвжээн дээрээ Японы ижил насны хөлбөмбөгийн шигшээ багтай анх удаа тоглож 17:0 гэсэн онооны харьцаагаар хожигдлоо.

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны тивийн аварга шалгаруулах тэмцээн 2016 онд Энэтхэг улсад болно. Ази тивийн Зүүн бүсийн “К” хэсгийн тоглолт Улаанбаатар хотноо ийнхүү лхагва гарагт Монгол, Японы тоглолтоор эхэлж байна. Хөлбөмбөгийн спортыг жинхэнэ утгаар нь өндөр түвшинд хөгжүүлж байгаа Японы сургалт, арга барилаас манай өсвөр үеийнхэн болон багш, дасгалжуулагчид анх удаагаа ийнхүү хичээл заалгасан гэж болно.

Үнэхээр бидэнд сургалтын чанар чансаа, мэргэшүүлэх ур чадвараас эхлээд олон хүчин зүйл дутуу байгааг энэ тоглолт тодорхойлж байна. Мөн хөлбөмбөгийн спортын их ертөнцөд бид бүхэн ямар түвшинд байгааг мэдрүүлж, харуулсан нь олзуурхууштай юм. 

Монголд хөлбөмбөгийн спортыг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхэд чамгүй их ажил өрнүүлж, хичээл зүтгэл гаргах шаардлага байгаа гэдгийг энэ спортын төлөө ажилладаг МХБХ-ны удирдах нөхөд, багш, дасгалжуулагч, дэмжигч хүн бүрт том сануулга, сургамж болж нэгийг бодуулах бизээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбай дээр Японы баг тамирчид илт илүүрхэн тоглож, манай тамирчдад хурд, ур чадвар, тактикийн хичээл заасан энэ тоглолт 17:0 гэсэн онооны харьцаагаар зочин багийн хожлоор өндөрлөсөн. Харин ирэх баасан гарагт манай өсвөрийн шигшээ баг Хонконгийн багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд